Шуурхай бүлгүүд өнөөдрийн байдлаар 14.765 малчин, хоршоологчдод хүрч ажилласан бөгөөд ажлын явц 73%-тай байна
Улсын онцгой комиссын ээлжит шуурхай хуралдаан /2024.12.17/ боллоо. Хуралдаанаар ирэх саруудын цаг агаарын төлөв байдал; Нийслэлийн агаарын чанарын нөхцөл байдал; Агаар орчны бохирдлыг бууруулах арга хэмжээ; Шахмал түлшний үйлдвэрийн ажлын явцын талаар танилцуулга мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.
Хуралдааны эхэнд Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй ажил, арга хэмжээг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү танилцуулав.
Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад зудын эрсдэл их, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатар, аймгууд дунд зэргийн эрсдэлтэй гарчээ. Өнөөдрийн байдлаар нийт 17 мянга 913 өрхийн 7 сая 329 мянган толгой мал отороор өвөлжиж байна. Түүнчлэн УОК-ын шуурхай бүлэг “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрт хамрагдан хөрөнгө оруулалтын зээл авсан малчид, хоршоологчидтой уулзаж, зээлийн зарцуулалт хэрэгжилтэд хяналт тавьж байна. Улсын хэмжээнд нийт 6599 хоршоо шинээр байгуулагдаж, 68500 гаруй малчин хоршоологчдод 551.8 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. Шуурхай бүлгүүд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 14.765 малчин, хоршоологчдод хүрч ажилласан бөгөөд ажлын явц 73 хувьтай байна.
Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарын нийт 19 автомат станц ажиллаж байна. Хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 1-р хороолол, Хайлааст, Таван буудал, Шархад, Налайх, Зурагт, Амгалан, Баянхошуу зэрэг гэр хорооллын орчимд стандарт дахь хүлцэх агууламжаас 2.7-12.5 дахин их, бусад байршилд стандартын түвшинтэй ойролцоо байна.
Агаарын бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлийн судалгаагаар гэр хорооллын айл өрх 55.6 хувь, автомашин 28.9 хувь, бусад хүчин зүйлс /усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулаан цахилгаан станцын үнсэн сан/ 15.5 хувь эзэлж байна. Нийслэлд гэр хороололд амьдардаг айл өрх 2023 онд 50,2 хувь байсан бол 2024 онд 44 хувь болж буурсан үзүүлэлттэй байна. Цаашлаад гэр хорооллыг орон сууцжуулах, дэд төвүүдийг бий болгон иргэдийг эрүүл, аюулгүй орчинд стандартын шаардлага хангасан орон сууцанд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 202.626 айлын орон сууцны төслүүдийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 41,584 айлын орон сууц, дахин төлөвлөлтийн хүрээнд 148,323 айлын орон сууц, гадаадын зээл тусламжийн хүрээнд 12,719 айлын орон сууцыг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
“Тавантолгой түлш” ХХК нь сайжруулсан шахмал түлшний стандартыг 2022 онд шинэчлэн баталсан. Мөн шахмал түлш үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болон шахмал түлшний чанарын хяналтыг хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториудаар хийлгэж байна. Сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд нь угааж ангилсан нүүрсний завсарын бүтээгдэхүүн болох эрчим хүчний нүүрс мидлинг юм. Энэ нь техникийн MNS 6226:2011 стандартын шаардлагыг бүрэн хангаж байна. Түүнчлэн шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн горимд өөрчлөлт ороогүй бөгөөд түүхий эд найрлага нь өөрчлөгдөөгүй талаар салбарын мэргэжилтнүүд мэдээллээ.
Хуралдааны төгсгөлд дараах үүрэг чиглэлийг албаныханд өглөө. Үүнд:
- Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог байгуулах, хорооноос гарсан шийдвэрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, арга хэмжээний үр дүнг Засгийн газарт танилцуулах, салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах;
- Утаа, агаарын бохирдол, шороо тоосны бохирдлын хэмжээг нарийвчлалтай тогтоох нийслэлийн шуурхай штабыг байгуулан ажиллуулах, гэр хороолол тэр дундаа зорилтот айл өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах ажлын зохион байгуулалтыг хийж, хяналт тавьж ажиллах. Мөн дугуй, хог, хуванцар сав түлж байгаа зэрэгт хяналт тавих,
- Сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд хяналт тавих, үүнд төрийн албан хаагчдын дэмжлэгийг авч оролцуулах, энэ талаарх зөвлөмж зөвлөгөөг иргэд олон нийтэд мэдээлж түгээх;
- Агаарын бохирдлыг бууруулах түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр урт, богино дунд хугацааны төлөвлөгөө гаргах, иргэдийг энэ чиглэлээрх мэдээллээр хангах;
- Агаарын бохирдолтой холбоотойгоор томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний тархалтыг бууруулахад анхаарч ажиллах, бага насны хүүхэд болон өндөр настнуудыг энэ төрлийн өвчлөлөөс сэргийлэх бодлого, төлөвлөгөө гарган ажиллах,
- Түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхэд онцгой анхаарч, хяналт тавих;
Тавантолгой түлш ХХК гадна дотоодын эрдэмтэн судлаачдын багын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, түүхийн эдийн дээжийг хөндлөнгийн шинжилгээнд явуулах, гарсан үр дүнг 14 хоногийн дотор эргэн мэдээлэх зэрэг үүрэг чиглэлийг өгөв.