2025 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА
УИХ-ын чуулганы өнөөдөр /2024.12.12/-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа. 2025 оны төсөв дараах онцлогтой байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авч “алдагдалгүй төсөв батлах” чиглэл өгсний дагуу Засгийн газраас 2025 оны төсвийн төслийг шинэчлэн боловсруулсан.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж, түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, зээлийн үйлчилгээний төлбөрийг бууруулахгүй.
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан, УИХ-ын 26 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хөрөнгө оруулалт, урсгал зардал, Засгийн газрын тусгай сан, төрийн өмчит аж ахуйн нэгж, гадаад зээл, тусламж болон төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийг судалж, санал гаргах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдэд хуваагдан ажиллаж, саналуудыг нэгтгэн гаргасан.
-2025 оны төсөвт зардлыг бууруулах зарчим баримталсан.
-Хэлэлцүүлгийн явцад 2025 оны төсвийн жилд нэмэгдсэн шинэ орон тоог тодорхой хувиар бууруулахтай холбоотойгоор урсгал зардлыг нийт 40,064.7 сая төгрөгөөр бууруулах зэрэг олон санал дэмжигдсэн байна.