Ахмад настны тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцлаа
2024.12.12
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ахмад настны тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцлаа

Өнөөдөр Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, тус холбооны дэд ерөнхийлөгч П.Бямбацэрэн, удирдах зөвлөлийн гишүүн Н.Лувсанжав, Ц.Шаравдорж, Ц.Товуусүрэн нарын төлөөлөлтэй уулзаж 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих Ахмад настны тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Уулзалтын үеэр

1. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг ямар ч нөхцөлд бууруулахгуй байх зарчим баримтлах;
Бизнесийн байгууллагууд шимтгэлд төлсөн зардлаа бүтээгдэхүүн үйлчилгээний өртөгтөө тооцоод борлуулалтын орлогоороо буцаагаад олоод авчихна. Хувь хүн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг оруулахгүйгээр цалин, түүнтэй адилтгах орлогынхоо 10,5 хувийг төлөөд 2 хувьд ногдох мөнгийг тэтгэмж болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний эмчилгээ, үйлчилгээнд зарцуулна. Үлдсэн 8,5 хувь нь тэтгэврийн санхүүжилтэнд зарцуулагдана.
2. Тэтгэврийн санд нэмэлт ачаалал үүсгэх /тэтгэвэр тогтоох насыг доогуур тогтоох, шимтгэлийн хувийг бууруулах, даатгуулбал зохих жилийг бууруулах г. м/ аливаа шийдвэрийн төслийг дэмжихгүй байх;
Ийм шинж бүхий шийдвэр гаргахад хүрвэл НД-ын санд учрах алдагдал зардлыг нь улсын төсвөөс юм уу, бусад холбогдох эх үүсвэрээс гаргуулах, нөхөн төвлөрүүлэх асуудалтай, хамтад нь шийддэг байх ёстой гэдэг зарчмыг тууштай баримтлах;
3. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, удирдлагын асуудлыг оновчтой тогтоох, үндэсний зөвлөлийг талуудын төлөөлөл ээлжлэн даргалдаг байх;
4. Хүнсний талон нэртэй тэтгэмжийг хэт хавтгайруулж буйг хянан шалгуулж, шинээр оновчтой тогтоох;
5. Улсын баатар цолтонд 5,0 сая, Хөдөлмөрийн баатар, ардын цолтонд сард 3,0 сая, гавьяат цолтонд 1,0 сая төгрөгний тэтгэмжийг сар бүр олгодог байхаар шинэчлэн тогтоох;
6. Адил зэрэглэлийн албан тушаалтай, ижил ажилласан хугацаа бүхий тэтгэвэрийнхэн цаг хугацаанаас хамаарсан тэтгэвэр нь зөрүүтэй тогтооддог шударга бус байдлыг тусгайлан судлуулж, уг зөрүүг арилгах арга хэмжээг нэг мөр авч хэрэгжүүлэх;
7. Эхчүүдэд төрүүлсэн хүүхдийн тооноос хамаарч ажилласан хугацааг нэмэгдүүлэхдээ ялгаварлал үүсгэснийг нэг удаагийн арга хэмжээ болгож залруулах, өөрөөр хэлвэл уг хуулийг нэг удаа эргэж хэрэглэх;
8. Тэтгэвэр барьцаалж зээл олгодог, арилжааны банкнуудын мөнгө хүүлэлтийг зогсоох; /тэтгэврийг арилжааны зээлийн хэрэгсэл болгодог эрхзүйн үндэсгүй, эдийн засгийн агууллагагүй буруу тогтолцоог халж өөрчлөх/
9. Хүн амын бодлого, хөгжил хамгааллын асуудлыг цогцоор авч үзэхгүйгээр бүлэг тус бүрээр салгаж шийдэх гэж оролдож ирсэн нь тэдгээрийн тэгш эрх хангагдахгүй, сөргөлдөөн ялгаварал үүсгэдэг/дээр доор гэж ялгаварлаж/ байсныг анхаарч, гэр бүлийн хүрээнд асуудлыг /нийтлэг болон тусгайлсан онцлог эрх, эрх ашгийг/ адил тэгш зарчмаар шийддэг бодлогод шилжих зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.

ШИНЭ МЭДЭЭ