Б.Жавхлан: Төсвийн нийт урсгал зардлыг 73.2 тэрбум төгрөгөөр бууруулан баталлаа
2024.12.12
Эдийн засаг, Худалдаа

Б.Жавхлан: Төсвийн нийт урсгал зардлыг 73.2 тэрбум төгрөгөөр бууруулан баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын нэгдсэн төсвийг эцэслэн баталлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны улсын төсөвт хориг тавьж, Улсын Их Хурал энэ хоригийг хэлэлцэж, бодлого эрх зүйн бүрэн үндэслэлтэй хэмээн үзэж хүлээн авсан. 

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас Засгийн газарт алдагдалгүй төсвийн төсөл боловсруулах чиглэл өгсөн шийдвэрийн дагуу 2025 оны төсвийн төслийг хоёрдахь удаагаа боловсруулан, Улсын Их хурал тус хуулийн төслийг 2 дахь удаагаа хэлэлцэн баталлаа. 

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд Төрийн зарим байгууллагын 2025 оны төсвийн жилд нэмэгдэхээр тооцсон шинэ орон тоог тодорхой хувиар бууруулахтай холбоотойгоор төсвийн нийт урсгал зардлыг 73,2 тэрбум төгрөгөөр бууруулсан. 

Дээрх зардлын эх үүсвэрээр Хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах объектыг лизингээр авах зардал, сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардал,  3 ээлжээр хичээллэж байгаа ЕБС-ийн байрны түрээсийн зардалд 10 тэрбум төгрөг ХСҮТ-ийн барилгын засварт 2,9 тэрбум төгрөг эрчим хүчний бодлогын шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсвийн төсөлд тус тус нэмж тусгав.

2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай болж байна

Ийнхүү улсын төсвийг цаг алдахгүй хэлэлцэж баталснаар ард иргэдийн ажил амьдрал, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдлээ болохыг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв. 

ШИНЭ МЭДЭЭ