МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Алдагдалгүй” төсөв батлах ажлын хэсгийг  Г.Тэмүүлэн ахална
2024.12.09
Эдийн засаг, Худалдаа

“Алдагдалгүй” төсөв батлах ажлын хэсгийг Г.Тэмүүлэн ахална

УИХ-ын гишүүн, Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын Байнгын Хорооны дарга Г.Тэмүүлэн өнгөрсөн наймдугаар сараас эхлэн төсөвтэй холбоотой асуудал дээр өөрийн байр суурийг тод илэрхийлсээр өнөөдрийг хүрсэн. Тэрээр, УИХ ээлжит бус хуралдаанаар төсвийн тодотгол болон түүнийг дагалдсан хуулийн өөрчлөлтүүдийг хэлэлцэх үе олон нийтэд хандан мэдээлэл хийж байлаа. 

Тодруулбал, Төсвийн тодотголыг дагасан Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай хуулийг өөрчилж болохгүй, хууль санаачлагчид нь буцаах шаардлагатай гэж үзэн зарчмын зөрүүтэй санал гаргаж байсан юм. Улмаар 2025 оны төсөв хэлэлцэх явцад ТӨСВИЙГ 3.6 ИХ НАЯДААР ТАНАХ ШААРДЛАГА ТАВЬСАН. 2025 оны улсын төсөв 35.8 их наяд болон нэмэгдэж байгаа нь иргэдийн бодит орлого, эдийн засагт ирэх жилээс сөргөөр нөлөөлнө. Тиймээс, төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар буюу 13.8%-иар бууруулах, тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж зэрэг хэмнэж, тэвчих боломжтой зардлыг хасах шаардлагыг Засгийн газарт тавьж байсан ч 2025 оны төсөв “төсөвт тодотгол хийх” тогтоолтойгоор батлагдсан.

Төд удалгүй, Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах нь зүйтэй гэж үзэн  2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан. УИХ уг хоригийг хүлээн авч, хуулийг хүчингүй болгосон билээ. Засгийн газраас төсвийг алдагдалгүй батлах хүрээнд төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулах төслийг өргөн барьж, хэлэлцэж байна. Энэ хуулийн төслийн Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын Байнгын Хорооны дарга Г.Тэмүүлэн ахлан ажиллаж байна.

Түүний хувьд өмнөх парламентад Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж , төсвийн сахилга бат, хяналт хариуцлага, ил тод байдлыг дээшлүүлэх реформыг хоёр жилийн хугацаанд олон эрдэмтэн судлаачидтай хамтарч хийсэн туршлагатай. Иймд дахин хэлэлцэж буй 2025 оны төсөв, үргүй зардлыг танаж, үр ашигтай төсөлд зөв зарцуулалтыг тусгасан “сайн” төсөв гарахад санаачилгатай ажиллах болов уу гэж иргэд, олон нийт, мэргэжлийн хүмүүсийн дунд хүлээлт байна.

ШИНЭ МЭДЭЭ