2024.12.09
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16 дугаар бага хурлын хүрээнд олон уулзалт боллоо
БНХАУ-ын Ой, бэлчээрийн газрын дэд дарга Ноён Тан Фэнлин, Цөлжилттэй тэмцэх газрын дарга Ноён Хуан Цай болон бусад албаны төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Уулзалтын үеэр БНХАУ-ын Засгийн газраас “Цөлжилттэй тэмцэх судалгааны төв” барьж байгуулах болсонд талархлаа илэрхийллээ. Манай хоёр улсын хувьд хөрсний бүтэц, байгалийн тогтоц, цаг уур гээд олон зүйлээрээ ижил төстэй учраас сүүлийн 20-иод жилд хэрэгжүүлсэн цөлжилттэй тэмцсэн туршлагаас суралцаж, богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой юм.
Талуудын 16-р бага хурлын үеэр Дэ Нэйчи Консерванси байгууллагын гүйцэтгэх захирал хатагтай Женнифер Морристой уулзаж, “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилт, 2025 оны үйл ажиллагааны чиглэл болон цаашдын хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Энэ хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, иргэдийн тогтвортой аж амьдрал, амьжиргааг тэтгэх зэрэг давхар давхар үр өгөөжтэй.
“Жендерийн эрх тэгш байдал” сэдэвт сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцож, үг хэллээ. Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулна. Бид СОР16 -ийн шийдвэр, ахиц дэвшлийг үргэлжлүүлэхийн тулд "Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр ба газар” олон улсын эвсэл байгуулах саналыг дэвшүүлж байгаа билээ. Энэхүү санаачилга нь жендерийн эрх тэгш байдал ялангуяа залуучууд, хүүхэд, эмэгтэйчүүдийн оролцоог байгаль хамгаалах, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагаанд тусгайлан оруулахад чиглэх юм.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16 дугаар бага хурлын хүрээнд болсон “Усны Дээд түвшний уулзалт” (One Water Summit)-д оролцлоо.Ууулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын тэргүүн хариуцлагатай уул уурхай хөгжүүлж, цөлөрхөг ба говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулахаар уул уурхайн түншүүдтэйгээ хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.