МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Алтаншагай: Хавдрын шинэ эмнэлэг барих 12 га газрыг шийдүүллээ. Эцсийг үзтэл тууштай ажиллана
2024.12.06
Эрүүл мэнд

Н.Алтаншагай: Хавдрын шинэ эмнэлэг барих 12 га газрыг шийдүүллээ. Эцсийг үзтэл тууштай ажиллана

Статистикийн үндэсний хорооны судалгаанаас үзэхэд сүүлийн таван жилийн хугацаанд хорт хавдраар шинээр оношлогдсон хүний тоо 13 мянгад хүрсэн. Тэгвэл жилд дунджаар 4,000-5,000 хүн эл өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. 

Энэ нь зөвхөн тухайн жилд амбулаториор бүртгэгдсэн нийт хорт хавдраар шинээр өвчлөгчдийн тоо. Гэтэл энэ хугацаанд хавдрын шинэ эмнэлэг барина гэж парламентад ярьсаар ирсэн ажил хэрэг болсонгүй өдийг хүрлээ.  ХСҮТ ачааллаа дийлэхгүй байгаа учраас хорт хавдраар өвдсөн иргэд хөнгөвчлөх тасагт хэвтэж чадахгүй амиа алдаж байгааг албаныхан болоод нас барагсдын ар гэрийнхэн хэлсээр ирсэн ч тусыг эс олсон. 

Хавдар судлалын үндэсний төв жилд дунджаар 150 мянган хүнд үйлчилдэг бөгөөд долоо хоногт 120-140 мэс засал хийж байна. 2023 онд гэхэд л нийт бүртгэгдсэн хорт хавдрын 34.6 хувь нь эрт үе шатандаа, 65.4 хувь нь хожуу шатандаа оношлогджээ.

Энэ талаар ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү хэлэхдээ “Хорт хавдрын тархалт нийгмийн тулгамдсан асуудлаас хэдийнэ давсан. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн учир одооноос эрт илрүүлгийн тогтолцоог маш сайн бэхжүүлэхгүй л бол Монгол Улс хавдрыг тогтоон барьж дийлэхгүйд хүрнэ. Үүнд төр, засгийнхан анхаарлаа яаралтай хандуулаач” гэж байв.

МАН-ын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 1.2.12.2-т “Хавдар судлалын үндэсний төв-2” гэх олон улсын жишигт нийцсэн эмнэлэг байгуулна гэж тусгасан. 

Хамгийн хоржоонтой нь энэхүү эмнэлгийн барих газрын байршил нийт хоёр удаа солигдсон. Эхнийх нь Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн завсар буюу 22-ын товчооны авто худалдааны төвийн урд талд гэж заасан. Тухайн газарт хөрсний шинжилгээ хийхэд асуудал гарсан. Хоёр дахь нь Баянзүрх дүүргийн “Sky resort” цанын баазын тэнд газар олгосон ч дэд бүтэц байхгүй гэдэг шалтгаанаар хойшилсон. Төсөвт зөвхөн ТЭЗҮ боловсруулагдсан төсөлд хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл хавдрын шинэ эмнэлгийн ТЭЗҮ байтугай газар нь шийдэгдээгүй өдий хүрсэн юм. 

Тэгвэл хавдраар оношлогдсон болон нас барсан иргэдийн ар гэр, нэр бүхий УИХ-ын гишүүд, УИХ-ын гишүүн Н.Алтаншагайд ханджээ. Түүний хувьд 2020-2024 онд тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан билээ. Улмаар Н.Алтаншагай гишүүн тэдний саналыг хүлээн авч, дүүргийн болон нийслэлийн газрын албанд хандаж, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны Баянголын аманд 12 га газрыг шийдүүлжээ.

Ингэснээр шинээр оруулж ирсэн 2025 оны улсын нэгдсэн төсөвт 7.9 тэрбум төгрөгийг хавдрын эмнэлгийн дэд бүтцэд зориулан тусгуулж чадсан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан чуулганы индэр дээрээс тусгайлан Н.Алтаншагай гишүүнд баяр хүргэж, хавдрын эмнэлгийн газрыг шийдэж өгсөнд монголын ард түмний өмнөөс талархлаа илэрхийлсэн билээ.

Энэ бол баяр хүргэх ч багадахаар маш чухал алхам бөгөөд Хавдрын шинэ эмнэлгийн төсөл ийнхүү гараанаасаа гарах нөхцөл бүрдсэн юм.

Монголчуудын эрүүл мэндийн төлөө хичээнгүй ажилласан УИХ-ын гишүүн Н.Алтаншагай хэлэхдээ “Хавдрын өвчлөлийн тохиолдол асар ихээр нэмэгдэж байгаа энэ цагт салбарын эмч, судлаачидтай уулзахад эрт илрүүлбэл эмчлэгдэх боломжтой гэдгийг хэлж байгаа. Тиймээс эцсийн шатанд орсон хойно нь хавдартай гэдгээ мэдэж байгаагийн хамгийн том шалтгаан нь эрт илрүүлгийн төв хүртээмжгүйтэй холбоотой. Иймд хавдрын хоёрдугаар эмнэлэг баригдсанаар Монгол Улсын хүн амын эрүүл амьдрах эрхэд шууд нөлөөлөх ихээхэн ач холбогдолтой төсөл. Энэхүү ажлын эцсийг үзэхийн төлөө тууштай явах болно” хэмээв. 

Шинээр хавдрын эмнэлэг барьснаар эрт илрүүлгийг тогтмол хийх, хөнгөвчлөх эмчилгээ, туяа эмчилгээ, хагалгаа гэх мэт олон асуудлыг нэг дор шийдэж, нийгмийг айдаст автуулсан энэ өвчинтэй тэмцэж чадна. Эрт илрүүлж, эмчилгээ хийлгэснээр нас баралтыг ч мөн бууруулах боломжтой. 

ШИНЭ МЭДЭЭ