МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2024.12.06
Улстөр

Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2024,12,06/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг хуулийн төслийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоолоор уг хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулсан бөгөөд ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Э.Одбаяр, Г.Уянгахишиг нар ажилласан юм.

Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хугацааг 2027 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар хуулийн төсөлд тусгасныг өөрчлөхөөс гадна УИХ 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд намын дүрэм, хөтөлбөр, зохион байгуулалтын өөрчлөлтийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлэхээр заасан хугацааг Засгийн газраас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэмж тусах нь зүйтэй гэж үзсэн хэмээн танилцуулав.

Түүнчлэн УИХ-ын нэр бүхий эмэгтэй 20 гишүүдээс ирүүлсэн санал, Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 11 дүгээр сарын 06-ны 1/1044 тоот албан бичгээр Хууль, зүй дотоод хэргийн сайдад хүргүүлсэн санал болон Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан төрийн санхүүжилтийг олгох асуудлыг нэг мөр шийдвэрлэхийн тулд Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 2027 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлэхээр заасныг өөрчилж уг арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлэхээр тусгах саналыг ажлын хэсэг бэлтгэсэн хэмээлээ. Мөн хуулийн төслийн 2 дугаар зүйлд уг хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр заасныг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр өөрчлөх саналыг танилцуулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ