2024.12.06
Улстөр

С.Амарсайхан: Төрийн тогтвортой байдлыг хангахад, Улс төрийн намын тухай хууль чухал үүрэгтэй

УИХ-ын чуулганы /2024,12,06/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:

Улс төрийн намын тухай хууль дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал бол ардчилсан Монгол Улсын улс төрийн тулгуур багана, тогтолцоог шинэчлэх, сайжруулах, улам  боловсронгуй болгоход их чухал үүрэгтэй. Энэ хүрээнд 1 дүгээрт тус хуульд өөрчлөлт орсноор, улс төрийн намуудын улс төрийн хариуцлагыг дээшлүүлэх боломж бүрдэнэ, иймд зайлшгүй шаардлага гэж үзэж байгаа юм.

Хоёр дугаарт, улс төрийн намуудын ялангуяа санхүүжилтийг ил тод нээлттэй болгох, цаана нь одоо нуугдмал байдаг элдэв хардлага дагуулсан авлигал,хандив тусламжийн асуудал гэх мэт байнгын яригдаж байдаг зүйлүүдийг ил тод болгох. Гурав дугаарт, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар улс төрийн үйл ажиллагааг илүү  төлөвшүүлэх  шаардлагын хүрээнд хийгдэж байна. Тиймээс  улс төрийн намуудын дотоод зохион байгуулалт, санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдал, тэр хүрээндээ бас хүссэн хэмжээнд ил тод бус байгаа асуудал, өөрөө улс төрийн итгэлцэл, иргэд,улс төрийн институц, намын одоогийн институцийн хооронд алдагдахад хүрсэн асуудлууд бий. Гишүүдийн хэлж байгаа үгнээс ч гэсэн, энэ танхимд ажиглагдаж байгааг та бүхэн бас анзаарч байгаа байх. Тэгэхээр хаа хаанаа энэ асуудлуудаа бас ойлголцоод, хугацаагаа сунгаад,  өөрчлөлтөө хийгээд явах нь зөв.

Энэ хуулийн шинэчилсэн найруулга нь намуудын үйл ажиллагаанд ил тод байдлыг илүү одоо бий болгоно. Хариуцлагын тогтолцоог ч одоо нэмэгдүүлэх шаардлагатай,олон нийтийн итгэлийг сэргээх бас нэг чухал ийм алхам болно. Ингэж байж, улс төр төлөвшиж, төр төвшин байх боломж нөхцөлийг хаа, хаанаа бүрдүүлнэ. Нөгөө талдаа  өнөөг хүртэл энэ намуудын санхүүжилт, сонгуулийн үйл ажиллагаа, компанит ажлын зардал хэт өндөр, эсвэл ил тод бус байна гэдэг ийм ярианууд явж ирсэн. Тэгвэл үүнийг ч гэсэн энэ хугацаанд тодорхой болгох. Улс төрийн намын тухай хуулиар санхүүжилт авдаг болсон учраас намууд нөгөө талдаа хаанаас, хэнээс, ямар санхүүжилт авч байгаагаа ил тод бүүр нэг, нэгэнгүй гаргадаг байх энэ тогтолцоогоо тодорхой болгох ёстой. Энэ санхүүжилтийн эх үүсвэрийг ил тод хяналттай болгож улс төрийн орчинд шударга байдлыг бий болгох юм Тэр хэрээр улс төрийн намуудын үйл ажиллагаа ойлгомжтой бөгөөд илүү идэвхтэй явах боломж бүрдэнэ.

Төрийн тогтвортой байдлыг хангахад, Улс төрийн намын тухай хууль чухал. Төр байгаа цагт, улс төрийн нам байна. Улс төрийн нам байгаа цагт, төрийн бодлого бас хэрэгжиж явдаг. Ийм бичигдээгүй хуультай. Тэгэхээр энэ цаг үед энэ гадаад дотоод орчин нөхцөл ямар байгаа билээ. Дотооддоо бид одоо төсөв хөрөнгөө батлахаас эхлээд үл ойлголцлууд элдэв янзын буруу зөрүү ойлголцлууд ихээхэн явж байгаа. Тэгэхээр энэ төрийн бодлого шийдвэрүүд залгамж чанар тогтвортой байдлаа хангах замаар улс орны одоо, ирээдүйн хувь заяатай холбоотой олон асуудал дээр улс төрийн намууд зарчмаа тодорхойлох ёстой.

ШИНЭ МЭДЭЭ