МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх хууль, эрх зүйн шинэчлэлийн тухай санал солилцов
2024.12.04
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх хууль, эрх зүйн шинэчлэлийн тухай санал солилцов

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалантай уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх хууль, эрх зүйн шинэчлэлийн тухай санал солилцлоо.

УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулсан шинэ парламентад нийгмийн бүлэг бүрийн оролцоог хангаж, өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргах түвшинд хүргэж байна. Тодруулбал, нийгмийн янз бүрийн ялгаатай бүлгийн төлөөллийг хангах зорилго бүхий улс төрийн намуудын бодлогын үр дүнд, жагсаалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл УИХ-д сонгогдоод байгаа билээ.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ж.Баясгалан орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн үйл ажиллагааг тогтмолжуулах, сайжруулахын тулд хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах шаардлагатайг дурдаад, ерөнхий боловсролын сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах тэгш хүртээмж бий болгох хууль, эрх зүйн өөрчлөлтийн талаар хөндлөө.   

УИХ-ын гишүүн О.Саранчулуун аймаг, дүүргүүд дэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийг бусад төвтэй нэгтгэж, цогц хэлбэрээр ажиллуулбал үр дүн гарч, төсөв санхүү, эдийн засгийн хувьд илүү боломжтой болно хэмээв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүний эрхийг хангасан, “хүн төвтэй” хуулийн үзэл баримтлалыг бий болгох “УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-ний хүрээнд нийгмийн бүлгүүдийн төлөөлөл хууль, эрх зүйн орчныг шинэчлэхэд гар бие оролцох, идэвхтэй хамтран ажиллахын чухлыг онцоллоо. Тэрбээр, УИХ-ын гишүүд, тэр дундаа  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдлыг мэддэг гишүүдээс ТББ, ИНБ-тай түлхүү хамтран ажиллаж, тэдний оролцоотой хуулийн төсөлд санал боловсруулж, хуулийн хэрэгжилтийг хянах нь зүйтэй гэв. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд саадгүй оролцдог орчныг бүрдүүлэх, хүний эрхийг хангах нь УИХ-ын ирэх дөрвөн жилийн гол зорилтын нэг бөгөөд гишүүдийн санаачилгыг бодит үйл хэрэг болгоход анхаарч, дэмжихээ илэрхийллээ.

Мөн 126 гишүүнтэй шинэ парламентад нийгмийн бүлэг бүрийн төлөөлөл орсноор асуудлыг олон талаас хэлэлцэж, хууль, эрх зүйн орчны шинэчлэл бүрд салбарын дуу хоолой шингэж чадаж байгааг УИХ-ын дарга тодотгосон юм.

Уулзалтын төгсгөлд, гишүүдийн санаачилгын дагуу УИХ-ын чуулганы тойм мэдээллийг долоо хоногт нэг удаа дохионы хэлмэрчтэй нэвтрүүлэх, Төрийн ордныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү ээлтэй болгоход анхаарна

ШИНЭ МЭДЭЭ