МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

О.Саранчулуун: Улсын хэмжээнд 93 мянга хөдөлмөрийн насны ХБИ байгаагийн 15 мянга нь ажилладаг. Ажлын байр нэмэх шаардлагатай
2024.12.03
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

О.Саранчулуун: Улсын хэмжээнд 93 мянга хөдөлмөрийн насны ХБИ байгаагийн 15 мянга нь ажилладаг. Ажлын байр нэмэх шаардлагатай

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг дэлхий нийтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.

Угтаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 144.2.Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна гэж заасан байдаг ч хууль хөрсөнд буусан газар цөөн. Өөрөөр хэлбэл, тэд ажиллах хүсэл эрмэлзэл өндөр ч ажлын байраар хангаж чадахгүйд гол асуудал байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй бодлого шийдвэр хамгийн их үгүйлэгдэж байсан энэ цагт шинээр бүрэлдсэн парламентад хоёр төлөөлөл сонгогдсон нь төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх томоохон суурь болсон билээ. Түүний нэг болох нийгмийн ажилтан мэргэжилтэй О.Саранчулуун гишүүн болоод таван сарыг ардаа үдсэн ч идэвх зүтгэлтэй ажилласаар байна. Түүний хувьд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Ялгаварлан гадуурхалтын эсрэг болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөөх хоёр ажлын хэсгийг ахалж буй. Энэ хүрээнд олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзаж, жендер, ахмад настан, сурагчийн ялгаварлан гадуурхалт гэх мэт асуудлаар санал солилцож, гаднын орнуудад томилолтоор ажиллаад ирсэн. 

Энэ оны аравдугаар сарын 18-ны байдлаар 447 хөгжлийн бэрхшээлтэй иргэн орон сууцанд хамрагдах албан хүсэлтээ ирүүлсэн байна.

Тэдгээрийн нийгмийн асуудлыг шийдэхийн тулд О.Саранчулуун гишүүн төсөв хэлэлцэх үеэр ГБХНХ болон ХББОС-ын сайд нартай уулзаж, уг асуудлыг уламжилжээ. Улмаар 2025 онд 1,000 хүртэлх  хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг орон сууцжуулах асуудлыг журмаар зохицуулахаар болсон аж. Тэгвэл “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулганд Ерөнхийлөгч оролцох үеэрээ орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлийг  Засгийн газарт өгсөн нь ихээхэн давуу талтай. 

  • Мөн түүнчлэн тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлсэн бөгөөд холбогдох байгууллагын хүмүүстэй уулзаж санал солилцсоор байгаа.  Түүний эл санаачлагыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжихийн сацуу “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Хархорум хот” гэх мэт үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлсэн юм. 
  • Түүний дараагийн нэг зорьж буй ажил бол ЕБС бүрийг дээрэлхэлтийн эсрэг бодлоготой болгох явдал. Энэ талаар О.Саранчулуун гишүүн хэлэхдээ “Сургуулиуд хүүхэд хамгаалах бодлого гаргасныгаа дээрэлхэлтийн эсрэг арга хэмжээ авчихлаа гэж эндүүрээд байдаг. Тэгвэл сургууль бүрд дээрэлхэлтийн эсрэг бодлого байх ёстой” хэмээгээд албан тоот хүргүүлэхээр болжээ. 

Түүхэн парламентын тод өнгө болж буй О.Саранчулуун бэрх биш ээлтэй нийгэм бүтээхэд нийгмийн сэтгэл зүй, хүмүүсийн хандлагыг өөрчлөх цаг болсныг онцолж буй. Ингэхдээ тэр бодлогын түвшинд манлайлан нөлөөлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш эрхийн дуу хоолой болж чадна гэдгийг өөрөө ч баталж, ард түмэн ч итгэл хүлээлгэж байна. 

Тэрбээр зөвхөн хөл гаргүй хүний асуудлыг бус нийгмийн бүхий л түвшний хүмүүсийн суурь асуудлыг хөндөж, анхаарч ажиллахаа илэрхийлж байгаа юм. 

 

Ташрамд дурдахад, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг дэмжих лобби бүлэгт нэгдэхээр УИХ-ын 44 гишүүн гарын үсгээ зуржээ. 

ШИНЭ МЭДЭЭ