МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв
2024.11.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн 7 хоногт “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Энэхүү өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр "Шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшлийн төлөө мэдлэг оюун, сэтгэл зүтгэлээ зориулан яваа эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, төрийн түшээ болж сонгогдсон эрдэмтэн, судлаач Улсын Их Хурлын гишүүд, эрдэм ухааныг эрхэмлэн дээдлэгч монгол түмэндээ “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн мэнд хүргэе. 

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний зорилтод хууль тогтоомж нь шинжлэх ухаан, инновац, технологийн дэвшлийг дэмжсэн, нийгэм, эдийн засагт шинэ тутам үүсэж байгаа харилцаа, цаг үеийн хэрэгцээ, шаардлагыг тогтмол шинжлэн судлах, түүнд үндэслэн хууль тогтоомжийн төслийн санал боловсруулах урт хугацааны санах ой бүхий байнгын тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан юм.

Шинжлэх ухаан, технологийн тухай хууль батлагдсанаар, шинжлэх ухаан, технологийн асуудал нь салбарын асуудал бус салбар дамнасан асуудал болсон. Бүх салбарт шинжлэх ухаан үйлчлэх, шингэх, хамтрах учиртай. Мөн бодлого, төлөвлөлт, удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийгдэж, Үндсэн хуулиар баталгаажсан шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогоо хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл "Шинэ сэргэлтийн бодлого"-ын дараагийн сэргэлтийн бодлого шинжлэх ухаан, технологийн сэргэлтийн бодлого болж хэрэгжих юм.

Төр-шинжлэх ухаан-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүний нөөцийн хөгжлийн асуудлыг дэмжин хуульчилсан нь салбарын хөгжлийн амин чухал асуудал болсон юм.

“Шинжлэх ухаанаа эдийн засагжуулж, эдийн засгаа шинжлэх ухаанжуулсан улс орон хөгждөг”. Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого, мэдлэгт суурилсан эдийн засгийг Монгол Улсдаа бий болгохын төлөө хамтдаа зүтгэцгээе" хэмээн мэндчилгээ дэвшүүлэв. 

ШИНЭ МЭДЭЭ