НББХ: Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонслоо
2024.11.19
Эдийн засаг, Худалдаа

НББХ: Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонслоо

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсов.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, 2022 онд дэлхийн хүн амд 65 ба түүнээс дээш насны ахмадууд 10 хувийг эзэлж байсан бол 2030 онд 12 хувь, 2050 онд 16 хувийг эзэлж 1,6 тэрбумд хүрнэ гэсэн тооцоо байгаа. Монгол Улсын хувьд 60 ба түүнээс дээш насны ахмадын тоо 2010 онд нийт хүн амын 5,8 хувь, 2021 онд 9,7 хувь байсан бол 2030 онд 11,9 хувь, 2050 онд 5 хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш настай болох магадлалтай гэсэн тооцоог Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна. 2023 оны байдлаар нийт 385 мянган ахмад настантай байна. Энэ бол нийт хүн амын 10,9 хувь гэсэн үг хэмээгээд өнгөрсөн жил ДЭМБ-аас насны ангиллыг шинэчилж тогтоосон талаар танилцуулсан.

Насны ангилалын шинэчлэлтэй холбогдуулан улс орнууд цаашид ахмадын талаар явуулах бодлого, ахмад настны нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тогтолцоонд өөрчлөлт хийх, ахмад настны хэрэгцээ шаардлагад нийцсэн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлага тулгарч байгааг сайд тодотгосон.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ахмад настны талаар авч хэрэгжүүлэх зорилтуудын талаар мэдээлсэн.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлснээр 2023 онд Засгийн газар тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг 2014 оноос хойш 9 жилийн дараа шинэчилж баталжээ.

Шинэчлэн баталсан итгэлцүүрээр 488 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг шинэчлэн бодож, 164 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээ дунджаар 181 мянган төгрөгөөр нэмэгдэж, дундаж тэтгэврийн хэмжээ 687 мянгад хүрч тэтгэврийн зөрүүг тодорхой хэмжээгээр ойртуулсан байна.

ДЭМБ-аас ахмад настны цогц тусламж үйлчилгээг өөрийн орны нөхцөл байдалтай уялдуулан үзүүлэх эрх зүйн зохицуулалт хийхийг зөвлөсөн аж. Зөвлөмжийн дагуу манай улс Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, эрх зүйн шинэчлэлийг хийжээ. Засгийн газраас ахмад настны эрхийг баталгаажуулж хөгжлийг дэмжсэн эрх зүйн таатай орчныг бүрдүүлж амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогын олон арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн зөрүүг ойртуулах тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой шийдвэр гарган, Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-аар батлуулж, тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх итгэлцүүрийг улсын дундаж цалин, хэрэглээний үнийн өөрчлөлттэй уялдуулан жил бүр шинэчлэн тогтоож мөрддөг байхаар тусгасан байна. Үүний дагуу 2025 онд инфляцыг 6 хувь байхаар тооцож, тэтгэвэр тэтгэмжийг 6 хувиар нэмэгдүүлэхээр 2025 төсвийн тухай хуулийн төсөлд тусган батлуулсан байна. 2024 оны 4 дүгээр сараас нийгмийн даатгалын сангаас олгох болон цэргийн алба хаасны тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 650 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг, дундаж тэтгэврийн хэмжээ 787 мянган төгрөгт хүрсэн байна. Ахмад настнууд нийгмийн даатгалын эсвэл нийгмийн халамжийн сангийн аль нэгээс тэтгэвэр авч, тэтгэвэр авдаггүй ахмад настан байхгүй байгаа нь ахмад настны нийгмийн баталгааны чухал үзүүлэлт болсныг тодотгосон юм.

Засгийн газрын 2024 оны 122 дугаар тогтоолоор нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг сард 375 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон бөгөөд үүнд нийт 7235 ахмад настан хамрагдаж байгаа аж. Мөн нийгмийн халамжийн сангаас байнгын асаргаа шаардлагатай ахмад настныг асарч байгаа иргэн бүрд 302 мянган төгрөгийн тэтгэмж олгож буй юм байна.

Фридрих Эбертийн сангаас 2022 онд хийсэн судалгаагаар ахмад настнуудын 60 орчим хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй, зээлийг сургалтын төлбөр төлөх, байр, автомашин худалдаж авах зэргээр ахмад настан үр хүүхдэдээ зориулж авч байгаа нь нотлогдсон байна. Түүнчлэн энэхүү зээл нь ахмад настны амьжиргааг дэмжих бус эрхийг нь зөрчиж, өрийн дарамтад оруулж, ядууралд өртөх гол нөлөө болж байгааг судалгаа нотолсон байна.

Арилжааны банкнууд тэтгэвэр барьцаалсан зээлийг 24 сараар тэтгэврийг 100 хувь барьцаалан олгож буйг 12 сар болгох, Монголбанкны ерөнхийлөгчийн 2021 оны 277 дугаар тушаалаар батлагдсан өр, орлогын харьцааг тогтоох аргачлалд өөрчлөлт оруулж, өр, орлогын харьцааг зохистой хэмжээнд хүргэх асуудлаар албан ёсны хүсэлтээ Монголбанкинд хүргүүлсэн байна.

Тэрбээр үргэлжлүүлэн 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар, ахмадуудын түгээмэл үйлчлүүлдэг амралт, сувилал, сэргээн засах төвийн талаар, ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээ, асрамжийн үйлчилгээ, асаргааны хувилбарт үйлчилгээ, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, аж ахуйн нэгж, байгууллагын дэргэдэх Ахмадыг дэмжих сангийн үйл ажиллагаа, ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд аж ахуйн нэгж байгууллага өөрийн төсөв, үйл ажиллагааны орлогоосоо, төсвийн байгууллага тухайн жилийн төсөвт тусган цалингийн нийт сангийн гурав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр Ахмадын сан байгуулах журмыг Засгийн газар баталсан байдгийг дурдаад, Ахмадын сан байгуулах ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.

Мөн Хөдөлмөрийн хуулиар ажил олгогчийн санаачилгаар өндөр насны тэтгэвэрт гаргаж болохгүй гэж заасан атал улс төрийн шахалтаар тэтгэврийн насанд хүрч тэтгэврээ тогтоолгохоос нь өмнө ажлаас нь халах асуудал их байгааг хөндсөн.

Арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийг 24 хүртэл сараар, тэтгэврийг 100 хувь барьцаалан олгож байгаад шүүмжлэлтэй хандаж, ахмад настны орлогын баталгааг хангахад анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй гэсэн саналаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн ирэх оноос хэрэгжиж эхлэх Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд туссан шинэчлэл, ахмадын төрөлжсөн асрамжийн үйлчилгээг сайжруулах, ахмад настны цогц үйлчилгээний талаар тодруулан байр сууриа илэрхийллээ.

Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга Л.Энх-Амгалан танилцуулав.

Тэрбээр, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 35.15 дахь хэсэгт “Үндэсний зөвлөлийн дүрэм болон энэ хуулийн 35.3-д заасан нээлттэй сонгон шалгаруулах журмыг УИХ-ын холбогдох Байнгын хороо батална” гэж 35.16 дахь хэсэгт “Үндэсний зөвлөлийн гишүүнд ажлын оролцоог харгалзан улирал тутам урамшуулал олгох бөгөөд урамшууллын дээд хэмжээг хөдөлмөр, нийгмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн УИХ-ын холбогдох Байнгын хороо тогтооно” гэж тус тус заасан. Хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм, урамшууллын хэмжээг батлах, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч, даатгуулагчийн төлөөллийн байгууллагын гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах журмыг шинэчлэн батлах тухай УИХ-ын Байнгын хорооны тогтоолын төслийг боловсрууллаа хэмээн танилцуулав.

Дүрмийн төсөлд мэргэжлийн хороо, олон нийтийн хяналтын зөвлөлийн бүтэц, гишүүдийн сонгон шалгаруулалт явуулах журам, урамшууллын хэмжээг батлах зохицуулалтуудыг тусгажээ. Журмын төслийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаан, Нийгмийн бодлогын байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийн хуралдаанаар тус тус хэлэлцүүлсэн байна. Шинээр баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар үндэсний зөвлөлийг сонгон шалгаруулах журмыг Нийгмийн бодлогын байнгын хороо батлахаар тусгасныг сайд тодотгоод, Үндэсний зөвлөл нь мэргэжлийн хороотой болж, тус хороо нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар хуульчилсан хэмээсэн. Үндэсний зөвлөлийн дүрэмд Үндсэн зөвлөлийн хуралдаан, Үндэсний зөвлөлийн эрх, үүрэг, Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийн эрх үүрэг, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагатай холбоотой асуудлыг тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Тогтоолын төслийн талаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Б.Алтанхуяг танилцуулав.

Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 141.4-т “Үндэсний зөвлөлийн дүрмийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо батална.” гэж заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн батлуулахаар боловсруулжээ.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн дүрмийг анх 2017 онд Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 27 дугаар тогтоолоор баталж 2018 онд Үндэсний зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах Үндэсний зөвлөлийн ажлын алба байгуулахаар, 2019 онд тус зөвлөлийн “орон тооны бус” зөвлөл гэдгийг дүрмээс хасахын зэрэгцээ ажлын албаны орон тоог нэмэгдүүлэхтэй холбогдуулан тус тус өөрчлөлт оруулсан байна.

Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм нь нийт 6 бүлэг, 33 хэсэг, 29 заалттай хэрэгжиж байгаа бөгөөд шинэчилсэн дүрмийн төсөлд энэхүү дүрмийн 23 заалтыг өөрчлөн найруулж, 17 заалтыг шинээр нэмж, 25 заалтыг Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон бусад хуульд орсон өөрчлөлттэй холбогдуулан хасч давхцал, хийдлийг арилган боловсруулсан байна.

Шинэчилсэн дүрмийн төсөл нийт 6 бүлэг, 27 хэсэг, 28 заалттай бөгөөд дүрэмд дараах томоохон өөрчлөлтийг тусгажээ:

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл нь :

· эрүүл мэндийн даатгалын хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэх;

· даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулахад шаардагдах болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн хэмжээний талаар эрүүл мэндийн даатгалын байгууллагаас боловсруулсан тооцоо судалгаа, саналыг хянаж, санал, дүгнэлт гаргах;

· эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн орлого, зарлагад хяналт шалгалт хийх, шаардлагатай тохиолдолд холбогдох хяналт шалгалтын байгууллага, Аудитын байгууллагыг оролцуулах;

· эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны тайланг хагас, бүтэн жилээр, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн тайланг улирал бүр хэлэлцэж, санал, дүгнэлт гаргах, холбогдох арга хэмжээ авах;

· Улсын Их Хурал, холбогдох Байнгын хорооноос гаргасан тогтоол, шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж, хяналт тавих;

· эрүүл мэндийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд Засгийн газар, ажил олгогч, даатгуулагч, иргэд, олон нийтийн байгууллагын идэвхтэй оролцоог хангуулах зэрэг эрх, үүргийг нэмж тусгажээ.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийн шинэчилсэн төсөлд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдээс санал авч тусган, тус зөвлөлийн гишүүдийг оролцуулан 2 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж “Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дүрэм, журмын төслийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан”-аар шинэчилсэн дүрмийн төслийг хэлэлцүүлжээ.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн шинэчилсэн дүрмийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус дүрмийг батлахыг дэмжсэнгүй. Эцэст нь Байнгын хорооны даргын зүгээс Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдэд УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг дүрмийн төсөлд тусган дахин боловсруулан хэлэлцүүлэхийг чиглэл болголоо.

ШИНЭ МЭДЭЭ