ХҮН АМ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН УЛСЫН АЛБАНЫ ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ
2024.11.11
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

ХҮН АМ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН УЛСЫН АЛБАНЫ ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ

Онцгой байдлын ерөнхий газраас Хүн ам, нийгмийн хамгааллын улсын албанд зохион байгуулж байгаа /Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр эхэллээ.

Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчдад 05:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгч, бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан юм. Хүн ам, нийгмийн хамгааллын улсын алба нь 48 цагийн турш газар хөдлөлтийн гамшгийн үед хэрхэн ажиллах, ямар бэлтгэл бэлэн байдлыг хангах талаарх дадлага сургуулилалтыг хийх юм.

Дадлага сургуулилалтын удирдлагаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Улсын албаны штабын даргаар ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул ажиллаж байна.

Гэр бүл, хөдөлмөр хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв болон 21 аймаг, 9 дүүргийн бүтцийн нэгжүүдийн нийт 400 гаруй ажилтан, алба хаагч оролцож байна.

Жил бүр өсөн нэмэгдэж байгаа гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, энэ чиглэлээр иргэд, олон нийтэд мэдлэг ойлголт олгох сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулах шаардлага бий болсоор байна. Судалгаанаас харахад гамшигт өртөж амь насаа алдагдсдын ихэнх хувийг хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна. Анх удаагаа улсын албанд буюу Хүн ам, нийгмийн хамгааллын улсын салбарын хэмжээнд дадлага сургуулийг зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой.

Гамшгаас хамгаалах хүн ам, нийгмийн хамгааллын улсын алба /ГБХНХЯ/ гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах, цагийн байдлыг үнэлэх, гамшгийн үед ажиллах ур чадварыг дээшлүүлэх, шуурхай штабын үйл ажиллагаа, харилцан ажиллагааг тодорхойлох зорилготой юм.

ШИНЭ МЭДЭЭ