2024.11.11
Эдийн засаг, Худалдаа
2028 он гэхэд авто зам 4,440 км-ээр нэмэгдэж, эрчим хүчний салбарт 1,650.9 МВТ цахилгаан, дулааны эх үүсвэр шинээр бий болно
УИХ-ын чуулганы өнөөдөр /2024.11.08/-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав.
Ингэхдээ Монгол Улсын төсөвт 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23,140,589.3 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 26,485,278.0 сая төгрөг, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 3,932,432.9 сая төгрөгөөр санхүүжүүлэх, Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээ 2025 оны төсвийн жилд 3,500,000.0 сая төгрөг байхаар баталлаа.
Засгийн газар эрх зүйн 14 реформыг хийж, эдийн засгийн суурийг тэлж, хөгжлийг эрчимжүүлэх 14 мега төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна.
Энэ хүрээнд 2025 оны төсвийг бүсчилсэн хөгжилд зайлшгүй шаардлагатай суурь дэд бүтцийг шийдэх, орон нутаг бие даан хөгжихөд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглүүлснээрээ өмнөх жилүүдээс ялгаатай бодлогыг баримталсан байна.
2028 он гэхэд Монгол Улсын хатуу хучилттай авто зам 4,440 км-ээр нэмэгдэх бол эрчим хүчний салбарт 1,650.9 МВТ цахилгаан, дулааны эх үүсвэр шинээр бий болж, 1,519 км цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эдгээр хөгжлийн бүтээн байгуулалтаас гадна нийгмийн салбарын төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 93 сургууль, 67 цэцэрлэг, 37 эмнэлэг, 22 дотуур байр, болон соёл, спорт чиглэлийн 60, нийгмийн хамгааллын 17 төслийг ашиглалтад оруулна.