МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.11.08
Эдийн засаг, Худалдаа

П.Сайнзориг: Төрийн өмчийн компанийн засаглалын асуудлын ард төсвөөс илүү хулгай бий!

УИХ-ын чуулганы /2024.11.08/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 

Нэгдүгээрт, 2025 оны төсвийн хуулийг дагалдсан хуулийн төслийг ярьж байна. Өнөөдөр өглөө цэцийн хуралд суусан учраас төсвийн хэлэлцүүлэгт оролцож чадсангүй. Гэхдээ бид цаашид нэг зүйлийг анхаарч, бүх талдаа хариуцлагатай баймаар байна! Ерөнхийдөө хэд хэдэн гишүүд сая хэллээ. Төсөв хэлэлцэх үед Засгийн газрын гишүүд өөрсдөө орж ирж, санал гарган бужигнуулдаг байдлаа болих хэрэгтэй байна. Цаашдаа үүнийг анхаар. Асуудлаа сайхан ярьчихдаг байвал сайн байна. Хувь гишүүнийхээ үүднээс тойргоо эсвэл нутаг усаа маллаад явчихдаг байдал ажиглагдаж байна. МАН болон АН-ын бүлгүүдээс ийм зүйл гарсан шүү дээ. Тэр байтугай бэлэн сургуулиудыг авахын тулд нэг гишүүнийг лоббидоод санал гаргуулсан. Энэ мэт Засгийн газрын сайд нар нь хулгай хийх асуудалд оролцсон. Би үүнийг хатуу хэлж байна! Шинэ гишүүдийг зарим талаараа мэдээлэл дутуу, гаргаж байгаа саналын томьёолол дээрээ баримжаа авч чадахгүй байгааг нь далимдуулаад боловсролын салбар дээр хоёр бэлэн байр авъя гээд орж ирсэн. Өнөөдөр хүүхдийн  цэцэрлэгийн барилгын мөнгийг хасаж байгаад Сүхбаатар аймагт аудитын байрны бэлэн барилга авах гэж байгаа шүү дээ! Ийм л төсвийг өнөөдөр Засгийн газрын гишүүд гаргаж байна. Би аливаа хүний тухай ярихгүй. Цаашдаа төсвийг хэлэлцэхдээ УИХ-ын Дэгийн тухай хуулийг маш ойлгомжтой болгохын зэрэгцээ Засгийн газрын гишүүд өөрсдөө санал гаргадаг байдлаа болих хэрэгтэй!

Хоёрдугаарт, орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдэх ёстой гэдэг ч юм уу, орон нутгийн чиг үүргийн тухай асуудлуудыг засаг захиргааны нэгжийн тухай хуулийг батлахдаа хийчихсэн. Гэтэл орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх ёстой маш олон ажлуудыг улсын төсөв дээр лоббидож тавиулсан. Үүнийг болих хэрэгтэй. Ийм зүйлүүд байхаар үл ойлголцол гарч байгаа юм. 

Гуравдугаарт, шинэ гишүүд маань зарим зүйлүүдийг хүлээн авах ёстой. Ямар цаг хугацаанд саналаа гаргахаа мэдэхгүй байна. Санал бичиж байгаа томьёоллуудаа сайн хар. Аль зардлаас юуг нь хасаад гаргаж байгаагаа огт мэдэхгүй юм. Тиймээс шинэ, хуучин гэхгүйгээр дэгтэйгээ сайн танилцах хэрэгтэй. Бодитой санал гаргаад үүнийхээ араас жинтэйгээр явмаар байна. Нэг ёсондоо, бодитой зарчим ярих нь зөв. 

Төрийн өмчийн компанийн засаглалын асуудал үүн дээр байгаа нь сайшаалтай. Гэхдээ өм, цөм шийдэхгүйгээр Засгийн газар төрийн болон орон нутгийн өмчит компанийн хуулийг хэзээ өргөн барьж оруулж ирэх вэ. Төрийн өмчийн компанийн засаглалын асуудлын ард төсвөөс илүү хулгай байгаа! Энэ асуудлуудыг төсвийн хууль дагаад яригдаж байгаа үед хурдан шийдмээр байна. Үүн дээр хариулт өгнө үү? 

Түүний асуултад, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хариуллаа.  

ШИНЭ МЭДЭЭ