2024.10.31
Б.Энхбаяр: Татварын хууль тогтоомжид шинээр оруулж ирж буй заалтууд 2009 оны Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд ямар байдлаар тусаж, үйлчлэх вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.31/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Хуулийн төслийг зарчмын хувьд хэлэлцэхийг дэмжиж байна. Хэлэлцүүлгийн шатанд тодруулах шаардлагатай хоёр асуулт байна. Нэгдүгээрт, уг хуулийг дагалдуулж хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд татварын орчныг тогтвортой байлгах гэдэг хуулийн заалтыг тогтворжуулах татварын орчныг тогтоох гэж өөрчлөхөөр, улмаар татварын ерөнхий хуульд тогтворжуулах татварын орчин гэж татварын хувь хэмжээ, элэгдэл хоргодол тооцох хугацаа, татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг хэлнэ гэсэн шинэ заалт нэмэхээр оруулж ирж байна. Энэ татварын хууль тогтоомж нь ганцхан цөмийн энергиэс гадна Монгол Улсын стратегийн орд газруудтай байгуулах, байгуулсан бусад хөрөнгө оруулалтын гэрээнд хэрэв давуу байдал олговол шууд үйлчилдэг онцлогтой.
Тэр утгаараа бидний 2009 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан татварын хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотой харилцаанд энэ ямар байдлаар тусаж, үйлчлэх вэ? Өөрөөр хэлбэл өнөөдөр Монгол Улс Оюутолгой компаниас татвар авах асуудлаар Лондоны Арбитрын шүүх дээр маргаантай байгаа. Энэ маргаанд Монголын тал эсвэл айлын талд энэ татварыг авахтай холбоотой асуудлаар энэ өөрчлөлт хамаарч үйлчилж болзошгүй байна. Тиймээс энэ дээр хийгдсэн хууль эрх зүйн болон эдийн засгийн тооцоо судалгаа дүгнэлт байна уу?
Энэхүү тогтворжуулах татварын орчныг тогтоох гэдэг шинэ заалт нь 2013 онд татварын ерөнхий хуульд орсон татварын орчныг тогтвортой байлгах гэдэг заалтыг хөндөж, өөрчилж байна. 2013 онд татварын ерөнхий хуульд энэ заалтын оруулсан шалтгаан нь 2009 онд байгуулагдсан Оюутолгойн гэрээ дээр гарсан алдаа буюу Монгол Улс уг төслөөс олж болох ашгийг бууруулсантай холбоотой хана, хэрмийг татварын хуулийг бий болгох гэж 4 жилийн дараа 2013 онд УИХ-д оруулж байсан өөрчлөлт байгаа. Улмаар энэ өөрчлөлтийг буцаан хөндөж татварын орчны хувьд давуу байдал гэж хэлэх үү! хөнгөлөлттэй байдлыг Монгол Улсын төр олгож байна.
Энэ тохиолдолд айлын тал ямар эдийн засгийн үр тооцоо Монголын талд өгөх вэ гэдэг урьдчилсан ам нөхцөлийг энд ярихад хэцүү байгааг ойлгож байна. Монголын төр урьдчилсан нөхцөлүүдээ биелүүлэх нь байна. Тэгвэл айлын тал яах вэ гэдэгтэй холбоотой асуудлыг УИХ-ын ажлын хэсгийн түвшинд хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй хамт, өөрөөр хэлбэл нууцлалын зэрэглэлтэй яригдаж байгаа хөрөнгө оруулалтын гэрээний төслийг ажлын хэсгийн түвшинд нарийн эдийн засгийн тооцоо судалгаа хийж, боловсронгуй болгож явах шаардлагатай хэмээн үзэж байна.
Түүний асуултад, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хариуллаа.