ЭЗБХ: Төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.10.28) хуралдаан 18 цаг 59 минутад гишүүдийн 56 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу эхлээд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.
Төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Р.Сэддорж нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Төсөл дэх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Шилэн дансны тухай хуулийн 6.1, 6.4, 6.8, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдээлэл болон холбогдох мэдээллийг хуульд заасан хугацаанд болон өөрчлөлт орох бүрд цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлснээр бизнесийн үйл ажиллагаанд бэрхшээл учрах магадлалтайг хэлж, холбогдох тодруулга авлаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар төрийн байгууллага болон төрийн өмчит компани нь худалдан авах ажиллагааныхаа талаарх мэдээллээ ил тод болгох ёстой бөгөөд үүнийг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудад тодотгон тусгаж байгаа хэмээн Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Тэнгис хариуллаа.
Түүнчлэн хүн ам цөөтэй улс орны хувьд ашиг сонирхлын хамаарлыг тодорхойлоход бэрхшээлтэй байдаг онцлогийг гишүүд дурдан, төсөл дэх “их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлийн талаарх мэдээлэл”-ийг цахим хуудсаар дамжуулан нийтэд ил тод болгох нь бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл үүсгэх магадлалтайг хэлж байв. Ажлын хэсгээс хариулахдаа “Төрийн өмчит компаниудад реформ хийхийг Засгийн газар нэн тэргүүний зорилтоо болгон тодорхойлсон. Энэ хүрээндээ холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажлын хэсэг байгуулан, ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 100 хоногт хэрэгжүүлэх ажлын даалгавар зэрэг баримт бичгүүдэд төрийн өмчит компаниудын реформыг хийх, нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Нийт төрийн болон төрийн өмчит 100 гаруй компанийг нээлттэй хувьцаат компани болгох нь нэлээдгүй бэлтгэл хангаж, хугацаа зарцуулах ажил. Иймд үүний бэлтгэл болгож хувьцаа нь одоо хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг, төрөөс зохицуулалттай салбарт ажилладаг, мөн ТУЗ-тэй компаниудыг их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлийн талаарх мэдээллээ нийтэд ил тод болгох зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэж үзсэн юм” хэмээн нэмж тайлбарласан.
Төслийн хоёр дахь зүйлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргасангүй.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.