МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.10.28
Эдийн засаг, Худалдаа

Б.Найдалаа: Шинэ хууль гэхээсээ илүү баталсан хуулиа хэрэгжүүлмээр байна

УИХ-ын гишүүн Б.Найдалаа Санхүүгийн Зохицуулах Хорооны ажиллагаатай танилцаж, санал бодлоо солилцлоо.

Ингэхдээ Эдийн засгийн байнгын хорооны гишүүний хувиар цаашид мэргэжлийн холбоодоор дамжуулж төрийн чиг үүргийг гүйцэтгүүлэх ажлыг хөнгөн, шуурхай шийдэж чадавхийг нь бэхжүүлэх, даатгалын зах зээлийг сайжруулах, хөгжүүлэх чиглэлд анхаарах, хуулийн хэрэгжилтийг хангах, санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг байгаль орчинд ээлтэй, ногоон санхүүжилттэй байх чиглэлд анхаарах тухайд саналуудаа илэрхийллээ.

Тэрээр “Нэгдүгээрт, төрийн ажиллагааг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх нь бий. Үүний нэг жишээ нь Албан журмын даатгалын холбоо гээд ТББ. Гэтэл энэ ТББ-ыг дахиад төрийн байгууллага буюу зохицуулах ёстой СЗХ удирдаад байгаа юм. Ийм байж болохгүй. Хэрэв ийм маягаар явбал цаашид мэргэжлийн холбоодыг бэхжүүлэх, тэднээр ажил гүйцэтгүүлэх, төрийн ажлыг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлье гэдэг бүх ажил нуран унана. Албан журмын даатгал бол Монгол Улсад хамгийн олон хүнийг хамарч байгаа тэргүүний бүтээгдэхүүн. Үүн дээр төр, хувийн хэвшлийн холбоог бэхжүүлэхэд СЗХ өөрөө эхлэмээр байна. Төрийн бус байгууллагыг төрийн байгууллага удирдмааргүй байна. Засаглалд нь өгч, итгэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, хуулинд заасан заавал даатгалын олон үйлчилгээ байгаа. Энэ даатгалын үйлчилгээг явуулахгүй бол баталсан хууль байхгүй боллоо. Хэрвээ үүнийг хийгээд эхэлбэл дагаад зохицуулалт нь бий болж зах зээл нь хөгжинө. Асуудал гарангуут төсвөөс, төрөөс, сошиалаар шуугидаг биш даатгалынхаа системээр нөхөн төлбөр өгдөг систем рүү хурдан ормоор байна. Шинэ хууль гэхээсээ илүү одоо баталчихсан байгаа хуулиудаа хэрэгжүүлмээр байна.

Гуравдугаарт, рейтингийн хэдэн агентлагт зөвшөөрөл өгсөн байна билээ. Энэ бол сайн хэрэг. УИХ-ын даргын дурдаж буйгаар итгэлцлийг бүрдүүлж санг тогтоох, хувийг тогтоохдоо магадгүй рейтинг нь ажиллаж байгаа бол түүнээс үндэслэж их бага тогтоодог бол цаашид ажиллаад явах байх. Тэгэлгүй СЗХ нь хатуу шийдчихдэг байхаар цаана нь институци нь хөгжихгүй байна.” Гэлээ.

 

 

ШИНЭ МЭДЭЭ