Б.Энхбаяр: Засгийн газар УИХ-ын татвар чөлөөлдөг онцгой бүрэн эрхийг булаан авч байна
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулж Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуулт, хариултыг хүргэж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 25.1-д УИХ төрийн гадаад, дотоод бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ. Төрийн санхүү, зээл, албан татвар гэсэн заалт бий.
Онцгой бүрэн эрх гэдэг нь хэнтэй ч хуваалцдаггүй, бусдад шилжүүлэхгүй, зөвхөн УИХ өөрөө эдлэхийг хэлдэг. Тэгвэл дээрх хуулийн 22.5.22. албан татвар төлөгчийн 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш хэрэгжүүлэх Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн импортыг орлох, экспортыг дэмжих төслийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсний дараагийн тайлант хугацаанаас эхлэн 5 жил 90 хувиар чөлөөлөхөөр өөрчлөлт орж ирж байна.
Ямар үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрт, хэдэн хувиар татварын хөнгөлөлт үзүүлэх жагсаалтыг Засгийн газар батална гэж байгаа. Энэ үндсэндээ Сангийн сайдын эрхлэх асуудалд бий.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн ямар төслийн аль орлогыг чөлөөлөх гэж байгаа вэ гэдэг нь ойлгогдохгүй, тодорхойгүй. Тэгэхээр Засгийн газар УИХ-ын татвар чөлөөлдөг онцгой бүрэн эрхийг ерөнхий заалт тавьж байгаад булаан авах гэж байна. Үүнийг хуулийн хулгай гэнэ.
УИХ-ын энэхүү онцгой бүрэн эрхийг харанхуй, ерөнхий, тодорхойгүй байдлаар авч болохгүй. Энэ бол авлига болно.
Сангийн яамны татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн: Татварын 30 гаруй хууль бий. Үүнд УИХ хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд татварын хувь хэмжээг тогтоох, чөлөөлөгдөх барааг тоолох системийн ангиллыг батлах, хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах төслийн нэрийг батлах олон зүйл заалт 1992 оноос хэрэгжиж эхэлсэн.
Тиймээс УИХ татварын хуулиар Засгийн газарт бүрэн эрхээ шилжүүлж байгаа юм. Үндсэн хуулийн зөрчил үүсэхгүй байх.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Татварыг тогтоох бүрэн эрх УИХ-аас гараад явчихсан. Сангийн сайдын байгуулж буй Татварын маргаан таслах зөвлөл нь зөвхөн "Петрочайна Дачин Тамсаг" компаниас 300 тэрбум төгрөгийн татварыг авах эсэхийг шийдэж байгаа.
Үүний цаана авлига яригддаг, хянагддаггүй. Татвар ногдуулалт дээр хууль хяналтын байгууллагыг оруулдаггүй.
Сангийн сайд Б.Жавхлан: Татварын Ерөнхий Газар маргаантай асуудал дээр Сангийн яамтай хамтарч олон шүүх хуралд оролцдог. "Петрочайна Дачин Тамсаг" компанитай холбоотой асуудалд шүүх бүр дээр ялж байгаа.
Татварын байцаагч нарын тавьсан актыг хамгаалж оролцоод ялдаг. Татварын маргаантай асуудал дээр Засгийн газар огт ялагдаагүй байгаа.