2024.10.25
Эдийн засаг, Худалдаа

Б.Энхбаяр: Татвар чөлөөлөх эрх буюу УИХ-ын хэнтэй ч хуваалцдаггүй, онцгой бүрэн эрхийг ЗГ-т шилжүүлж байгаа нь “авлига” болно.

УИХ-ын чуулганы /2025.10.25/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

Өчигдөр төсвийн байнгын хороон дээр хэлэлцэх шаардлагагүй гэж дэмжигдсэн байдаг. Энэ саналыг гаргасан хүн нь би. Учир нь “ковид-19” цар тахлын нөхцөл байдал өнгөрсөн 4 жилийн хугацаанд Засгийн газарт бүх эрхийг шилжүүлсэн байдаг. Төрийн албаны тухай хууль үйлчлээгүй гэсэн үг. Шалгалтгүйгээр хүн томилж болно, төсвийн тухай хууль хамаагүй. Төсөв дотроо сайд нар нь дур зоргоороо зарцуулж болно. Хуулийн тодорхой үйлчлэлүүд зогсож байсан. Засгийн газар давхар хууль тогтоох ажил хийж байсан. Энэ нь онцгой нөхцөл байдал байсан ба парламент хуралдаж шийдвэр гаргах нөхцөл боломжгүй байв. Хоёр жил ийн байдлаар яваад сурчихсан чинь сайд нар, агентлаг, төрийн албан хаагчид нь үүндээ бүр дадчихсан! Тэр дотроо хулгай хийчихсэн. Одоо ердийн горимоор ердийн хуулийн хана хэрэмд ороод ирэхээр байж чадахаа больж буй. Өнгөрсөн 2023, 2024 онд анзаарагдаж байсан. Өнөөдөр төсөв дагасан хууль дээр ч анзаарагдаж байна. Бүгд л улс эх орноо хөгжүүлэх сайхан сэтгэлтэй шүү дээ. Аль нэг нь илүү их эх орондоо хайртай гэх мэтээр эрэмбэлэх хэрэг байхгүй. Гол нь энэ сайхан сэтгэлийг ашиглаад хуулийн хулгай хийж байгаа асуудал байна. 

ААН-ийн ОАТ-ын хуульд, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн импорт, экспортыг орлох төсөл дээр 90%-ийн татварыг Засгийн газар жагсаалт гаргаж байгаад чөлөөлнө гэх! Сангийн сайдын хэлснээр үүнд барилгын материал орохгүй гэх. Тэгтэл энэ хууль дээр нь байхгүй. Энэ байдлаар баталбал хоёр асуудал үүсээд байна. 

Нэгдүгээрт, хэний, юуг чөлөөлөхийг Сангийн сайдын дур зоргоор шийдэх болчхоод байгаа нь “авлига” болно.

Хоёрдугаарт, үүнийг Засгийн газар шийднэ гэдэг нь үндсэн хууль зөрчинө. Татвар чөлөөлөх эрх чинь УИХ-ын хэнтэй ч хуваалцдаггүй, онцгой бүрэн эрх. Энэ эрхээ Засгийн газарт өгчхөж байгаа юм. Бүсчилсэн хөгжлийг дэмжих гэдэг ганц гоё нэртэйгээр юуг, ямар хугацаагаар чөлөөлөх нь тодорхойгүй, харанхуй тоотой ганц заалтаар эрх өгч болохгүй! Гаалийн албан татвар мөн адилхан. Боловсруулах үйлдвэр чөлөөлөх зорилгоор 100% чөлөөлнө гэх. Энэ одоо юу гэсэн үг вэ? 

Түүний асуултад, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ