ХҮҮХДИЙН ЭРХИЙН УЛСЫН БАЙЦААГЧ ХУУЛИАР ТОГТООСОН 29 ЗӨРЧЛИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭНЭ
2024.10.25
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

ХҮҮХДИЙН ЭРХИЙН УЛСЫН БАЙЦААГЧ ХУУЛИАР ТОГТООСОН 29 ЗӨРЧЛИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭНЭ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 48 хүүхдийн эрхийн улсын байцаагч давхар чиг үүрэгтэй ажиллаж байна.

Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэхээс гадна хяналт шалгалтын арга, хэлбэрээр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхтэй холбоотой зөрчил дутагдлыг илрүүлэх, таслан зогсоох, арилгуулах замаар хүүхдийн эрхийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх субьект байх учиртай.

Харин хүүхдийн эрхийн улсын байцаагчийн тоо цөөн, хуулийн тодорхой зохицуулалт байхгүйгээс ажлын чиг үүрэг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа руу түлхүү чиглэж, учир дутагдалтай ажиллаж ирсэн. Улсын Их Хурлаар 2016 онд баталсан “Хүүхдийн эрхийн тухай хууль”-д хүүхдийн эрхийн байцаагчтай байхаар хуульчилж, Ази тивд анх удаа хүүхдийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлсэн юм.

2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улсын Их Хурал “Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/”-ийг батлахдаа “Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог тухайн орон нутгийн хүн амын тоо, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг харгалзан гурван жил тутамд Засгийн газраас тогтооно” гэсэн зохицуулалтыг шинээр нэмсэн. Энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар 16,000 ХҮРТЭЛХ ХҮҮХЭД ТУТАМД ХҮҮХДИЙН ЭРХИЙН 1 УЛСЫН БАЙЦААГЧ АЖИЛЛАХААР ТОГТООЛОО. Мөн Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн ажиллах дүрмийг анх удаа баталж, Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх зүйн байдлыг сайжруулав.

ХҮҮХДИЙН ЭРХИЙН УЛСЫН БАЙЦААГЧ НЬ:

  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хүүхдийн эрхийн 29 зөрчлийг шалган шийдвэрлэх,
  • Хүүхэд хамгааллын тухай хуулиар тогтоосон Хүүхэд хамгааллын захиргааны хяналт тавих,
  • Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хяналт шалгалтын арга, хэлбэрээр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхтэй холбоотой зөрчил дутагдлыг илрүүлэх, таслан зогсоох, арилгуулах, зөвлөн туслах замаар хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

ШИНЭ МЭДЭЭ