МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ БАТАЛГААЖУУЛСАН ТҮҮХЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
2024.10.20
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ БАТАЛГААЖУУЛСАН ТҮҮХЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

1945 оны 10 сарын 20-ны энэ өдөр бол тусгаар тогтнолоо баталгаажуулсан өвөг дээдсээрээ бахархах өдөр юм. 79 жилийн өмнө Бүх ард түмний санал асуулгаар Монголчууд бүгдээрээ Монгол Улсаа туурга тусгаар улс мөн гэдгээ дуу нэгтэйгээр баталгаажуулж, саналаа өгсөн түүхэн чухал үйл явдлын баярын өдрийн мэндийг бүх Монгол түмэндээ хүргэе.

Санал хураалтад зориулан гаргасан зурагт хуудасны бичвэрт “Би. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харъяат мөн. Хүн болж төрсний минь дээд зэргийн эрхэм эрмэлзэл бол өөрийн эх орны тусгаар тогтнолын төлөө амь ба санаа сэтгэлээ зориулахад хэзээ ч бэлхэн байхад оршино. Би өөрийн харъяат эх орны тусгаар тогтнолын төлөө батлана” гэсэн байдаг. Энэ бичгийн цаад дэвсгэрт Монголын газрын зургийг байрлуулан, гараа өргөн санал өгч буй хүнийг дүрслэн зуржээ.

Тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалт явагдсан энэ түүхэн үйл явдлыг XX зууны Монголын 10 түүхэн үйл явдлын нэгээр нэрлэдэг бөгөөд энэ өдрийг баяр ёслолын байдалтай тэмдэглэх гэхээсээ илүү залуу хойч үед тусгаар тогтнолын үнэ цэн, ямар үнээр бидний үед ирснийг таниулах, түүхийн ухаарал, сургамж, ой санамжийг өвлүүлэх нь илүү чухал ач холбогдолтой юм.

“БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал асуулгад Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 3-р багийн ард Бэхийн Балжиннямын өгсөн саналын хуудас” гэсэн Монгол бичгээр бичиж, өвөөгийн минь хурууны хээгээр баталгаажуулсан 1945.10.20-ны өдөр саналаа өгсөн түүхэн баримтыг би хадгалдаг. Ийнхүү Монголын ард түмэн өөрсдийн асар их хүчин чармайлтын үр дүнд Хятад улсаар тусгаар улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ.

Энэхүү улсынхаа тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалтад сонгуулийн насны 494960 хүн оролцох байснаас 487409 хүн саналаа өгчээ. Ийнхүү 98.5 хувь нь бүгд тусгаар тогтнолоо батлан “Зөвшөөрөв” хэмээн саналаа өгч, татгалзсан хариу нэг ч гараагүй байна.

ШИНЭ МЭДЭЭ