2024.10.18
Эдийн засаг, Худалдаа
С.Ганбаатар: Цахилгаан, дулааны үнийг үе шаттайгаар нэмэгдүүлэх боломж бий юу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /202410.18/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар :
"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл дээр эрчим хүчний өртгийг цахилгаан 64%, дулааныг 28% өсгөнө гэж байгаа. Энэ зөвхөн салбарын сайдын асуудал биш. Энэ асуудал дээр эрх баригчид болон гишүүд бүгд анхаарал хандуулаарай. Төрийн үндсэн зарчим бол, аливаа төрийн шийдвэр гаргахаасаа өмнө тухайн шийдвэрт өртөх магадлалтай, эрх ашиг нь зөрчигдөх магадлалтай, даах эсэх нь маргаантай байгаа сегмент, сектерүүдтэй заавал зөвлөлдөх, асуумж авдаг төрийн зарчим байна. Ард иргэд цахилгаан, дулааны нэмэгдлийг даах юм уу.
Ард иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх боломжийг олгосны дараагаар нэмэгдүүлэх хэрэгтэй. Үнэ нэмэх тухай асуудлыг эсэргүүцэж байгаа хэрэг биш, үе шаттайгаар нэмэгдүүлэх боломж байгаа юу?
Хамгийн гол нь эдийн засгийн, амьжиргааны, техникийн асуудлыг улстөржсөн маягаар шийдээд байна. Энэ шийдвэр чинь биелэх үү. Мөнгө хүүлэгчдийн диваажин болчихсон байна шүү дээ.
Түүний асуултад, Х.Ганхуяг нарын гишүүд хариуллаа.