2024.10.17
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Б.Энхбаяр: Банкны эзэд төрийн мөнгөөр томорч байгаад Монголбанк хяналт тавьж дүгнэлт хийдэг үү
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ нэгдсэн хуралдаан эхэлллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
2018 онд Банкны тухай хуульд өөрчлөлт орж 7.4.1-т дангаараа болон бусадтай хамтарч санхүүгийн зах зээлд ноёрхох эсхүл өөр хоорондоо юм уу гуравдагч этгээдэд шударга бусаар давуу байдал бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байгаа. Үүнд Монголбанк хяналт тавьж, дүгнэлт хийж, УИХ-д танилцуулах уу.
Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэтийн 49 хувь”-иас үүссэн асуудал нэлээн өндөр авч, банкны эздийг хязгаарлая гэдэг асуудал яригдсан. Харин одоо энэ өргөжөөд байна уу. Хөгжлийн банкны болон нүүрсний сонсгол дээр банкны эзэд бүх зээлүүдийг өөртөө авсан нь тодорхой болсон. Төрийн мөнгөөр улам бүр томорч байгаа асуудал нь тодорхой болсон. Улс төр дэх оролцоо нөлөөллийг нь багасгая гээд банкны эздийг улс төрийн намд хандив өгөхийг хориглосон.
Сүүлийн үеийн гарч байгаа мэдээллийг харахад 2024 оны УИХ-ын сонгуульд УИХ-ын гишүүдэд арилжааны охин компаниудаараа дамжуулж хамгийн их хандив өгсөн нь дандаа банкны эздийн компаниуд байна. Үүнд дүгнэлт өгч байгаа юу. Өөрөөр хэлбэл, банкны эзэд хуулиар хориглосон биш нэгэнт энэ танхимын хэдэн хувийг нь санхүүжүүлж, шийдвэр гаргаж байгаа вэ гэдэг дээр Монголбанк ажиллаж байгаа зүйл байна уу.
Өнгөрсөн ковидын үед Монголбанк нэг дүрмийг алдсан нь улс төрөөс хараат бус байх буюу Засгийн газартай нэг хөнжилд дурлалцахгүйгээр үнсэлцэхгүй гэдэг алтан зарчим ковидын үед зөрчигдсөн. Харин бид одоо хэвийн горимд орсон. Тэгэхээр Монголбанк цаашдаа улс төрийн шийдвэр гаргалтаас хэр хараат бус байх боломж байна вэ. Тухайлбал, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх Засгийн газрын бодлого, төгрөгийн тогтвортой байдлын ханшид яаж нөлөөлөх вэ гэдэг дээр тооцоо судалгаа хийсэн зүйл бий юу?
Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.