2024.10.17
Эдийн засаг, Худалдаа

Л.ЭНХ-АМГАЛАН: МОНГОЛБАНК МОЛИГОДСОН МАЯГААР ХАРИУЛАХАА БОЛЬ. ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХ БОЛОМЖ БАЙНА.

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ нэгдсэн хуралдаан эхэлллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Монголбанкны захирлын мэдээллийг сонсохоор Ипотекийн зээлийн хөтөлбөрөөс гарах гээд байгаа юм шиг хариулт өгч байна. Би үүнийг буруу гэж бодож байна. Одоогийн байдлаар жилд 20 мянган орон сууц борлогдож байгаа. Үүний 1/3 нь арилжааны банкны зээл, 1/3 нь ипотекийн 6 болон 8 хувийн зээл, харин 1/3 нь урьдчилгаа 30 хувиа төлчихөөд дугаарлаад 2-3 жил болж байгаа иргэд байна.

Тиймээс бид нэгдүгээрт, ипотекийн зээлийн хүртээмжээ нэмэгдүүлэх. Зорилтод бүлэг рүүгээ хандуулахад мөнгөний бодлого гол механизм байх ёстой гэж бодож байна. Тиймээс энэ чиглэлээр 2025 онд барьж байгаа гол мөнгөний бодлого юу байна вэ?

Хоёрдугаарт, зээлийн хүүг бууруулах асуудлыг бид олон жил ярьж байна. Бид асуулт асуувал Монголбанкныхан тааруулж хариулаад сурчихсан, нэг л хариултаа өгдөг. Тал еэвэнгийн үлгэр шиг. УИХ-ын дарга Монголбанкан дээр очиж ажиллахдаа хүүг бууруулах хэд хэдэн боломжийг олж харсан байна билээ. Эрсдлийн сангийн асуудал. Ипотекийн корпорациуд гадаад улсаас валют оруулж ирэхэд ипотекийн зээлийн хүүг бууруулах бодлого нь нэгдүгээр зорилго байх ёстой. Гэтэл Монголбанк валютыг монгол төгрөг рүү шилжүүлэхэд 4 хувийн зардлын шимтгэл авдаг юм байна. Энэ бол нэг талаар мөнгө хүүлэлт.

Иймэрхүү маягаар бид бүтээлчээр зээлийн хүүг бууруулах тал дээр Монголбанк одоо явж байгаа механизмаасаа арай өөр бодлого барих хэрэгцээ шаардлага байна. Энэ тал дээр Монголбанк ирэх онд ямар бодлого барих вэ. Зээлийн хүүг бууруулах боломж байна. Тиймээс бид нар ерөнхий байдлаар асууж, Монголбанк ерөнхий байдлаар молигодсон байдлаар хариулаад баймааргүй байна. Тодорхой бодлогын шийдвэр байгаа гэж би харж байна.

Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа. 

 

ШИНЭ МЭДЭЭ