МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

О.САРАНЧУЛУУН: ХБИ-ИЙГ СУРАХАД НЬ Л ДЭМЖИХ БУС ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД НЬ ОНЦГОЙ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
О.Саранчулуун УИХ-ын гишүүн
2024.10.17
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

О.САРАНЧУЛУУН: ХБИ-ИЙГ СУРАХАД НЬ Л ДЭМЖИХ БУС ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД НЬ ОНЦГОЙ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Боловсролын зээлийн сангаар суралцагчдын 10 орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх ёстой гэдэг ч өнөөдрийн байдлаар  тодорхой тоо байхгүй байгааг Боловсролын зээлийн сангийн мэдээллээс харж болно. Өнөөдрийг хүртэл тус сангийн санхүүжилтээр гадаад, дотоодод суралцагчдын 600 орчим нь хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа гэдэгч энэ тоо дэндүү чамлалттай.

Иймээс УИХ-ын О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг суралцахад нь яагаад дэмжих ёстой вэ, дэмжихийн тулд юу хийх шаардлагатай вэ гэдэг дээр өөрийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун хэлэхдээ “Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй нийт 600  хүн суралцсан гэсэн тоо байна. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боловсролыг харахаар тун бага байдаг. Суралцах боломж маш бага. Сургууль нь хүртээмжгүй, байгууллага, байгууламж цаашлаад багшийн зааж байгаа арга барил нь хүртээмжгүй. Жишээ нь, сонсголын бэрхшээлтэй оюутан “Би 4 жилийн дараа дипломоо бичих гэхээр юу ч ойлгохгүй байна. Хүмүүсийн амны хайрцгийг харж байж иймэрхүү юм сурч байна” гэдэг.

Тэгэхээр Боловсролын зээлийн сангийн журамд хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэл дотор хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг сургах бодлогыг нээж өгөхөд онцгой анхаарах хэрэгтэй байна.

Өнөөдөр өндөр боловсролтой хөгжлийн бэрхшээлтэй иргэн ч ажилд ороход хэцүү. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилд орох гэхээр 144-р заалт буюу 1/25 нь ажиллахгүй байгаа. Яагаад гэвэл тухайн ажлын байрны зараар очих хөгжлийн бэрхшээлтэй хүн нь байдаггүй. Өөрөөр хэлбэл, боловсрол хийгээд ажлын байранд шаардагдаж байгаа мэдлэг хоёр нь хоорондоо зөрдөг. Тэгэхээр зөвхөн боловсролын зээл олгоод зогсох бус хүртээмжийг дэмжих тал дээр заалт оруулахыг анхаарч үзмээр байна. Суралцаж чадахгүй байгаа бүлгээ дэмжмээр байна.

Хоёрдугаарт, Монгол Улсад нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалт байна. Түүнийг харахаар инженерүүд их юм. Гэхдээ хиймэл эрхтэн буюу протез хийдэг мэргэжилтэн байдаггүй. Тийм анги алга. Хөдөлгөөн засалч, хөдөлмөрийн аюулгүй байдал, хоол зүйч дутагдалтай. Асуудал нь, Монгол Улсад хэрэгцээтэй байгаа эдийн засгийн хөгжлөө дагасан мэргэжилтнүүдээс дутахааргүй тодорхой хувь нь хүний эрхийг хангах, хүн амдаа үйлчлэх чиглэлийн мэргэжилтнүүдийн хувийг оруулж өгөх хэрэгтэй байна." гэлээ. 

 

ШИНЭ МЭДЭЭ