"УЛСЫН ЭРХ - 110" эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
Монгол эрдэмтэн мэргэдийн оюун санааны түүхэн өв болсон "Улсын эрх" бүтээлийн 110 жилийн ойг тохиолдуулан "Улсын эрх 110" эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.
Монгол улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн зарлигаар 1914 онд Ж.Цэвээний туурвисан уг бүтээл нь тухайн үед өндөр хөгжсөн улсуудын үндсэн хууль, төрийн байгуулал хийгээд нийгмийн зохион байгуулалтыг харьцуулан судалж улсын хөгжлийн замыг тодорхойлсноороо улс төр, эрх зүйн сэтгэлгээний сонгодог бүтээлд тооцогддог.
Түүнчлэн Монголчууд бид хүний эрхийг хүндэтгэж, тунхаглаж ирсний баталгаа бол Монголчуудын сэтгэлгээ, оюун санааны түүхэн өв болсон "Улсын эрх" бүтээл юм. "Улсын эрх-110" эрдэм шинжилгээний хуралд 40 гаруй судлаачид судалгаа шинжилгээний бүтээлээ ирүүлсэн бөгөөд хурлын үеэр өндөр үнэлгээтэй 4 илтгэлийг хэлэлцүүлж мөн 4 илтгэлийг ханын илтгэл хэлбэрээр хуралд ирсэн зочдод танилцууллаа.
Эрдэм шинжилгээний хурлын панел хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, улс төрийн намууд, ЦЕГ-ын төлөөлөл, судлаачид оролцож хүний эрхийн нөхцөл байдлыг хэлэлцлээ.