МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.10.06
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.УЯНГА: СААРАЛ УСЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ, ӨРТӨГ ШИНГЭСЭН УСЫГ АШИГЛАХ ТАЛААР ЗОХИЦУУЛАЛТ ДУТАГДАЖ БАЙНА

Эрдэс баялгийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой “Mining Week 2024” уул уурхайн долоо хоног чуулга уулзалт 2024 оны 10-р сарын 02-05-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд зохион байгуулагдлаа.

Орчин цагийн уул уурхайн салбар Монгол Улсад үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Mining Week” буюу Уул уурхайн долоо хоногийг анх зохион байгуулснаас хойш 3 дахь жилтэйгээ золгож байгаа нь энэ юм.

Энэ жил тус арга хэмжээ нь уул уурхайн салбарын хувьд томоохон эерэг нөлөөллийг үзүүлэхийн сацуу эдийн засгийн интеграцчлалыг бэхжүүлэн, олон салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэл бүхий “Mining Week x MinePro 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтаар өргөжин зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлогтой байлаа.

“Mining Week x MinePro 2024” чуулганы 5 дахь өдөр УИХ-ын гишүүн Б.Уянга устай холбоотой асуудлаар илтгэл тавьж, хэлэлцүүллээ. УИХ-ын гишүүн Б.Уянгын хувьд, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын долоон гишүүнийг хамруулсан ажлын хэсгийг ахалж байгаа билээ. Тус ажлын хэсэг нь усны асуудал дээр хууль эрх зүйн ямар орчин байгаа болон хэрхэн сайжруулах, хэрэгжилтийг хэрхэн хангах вэ гэх зэрэгт голлон ажиллах юм.

Тэрээр хэлэлцүүлгийн талаар, “Ажлын хэсэг байгуулагдсанаасаа хойш эрдэмтэдтэй шат дараалан уулзаж, өнөөдөр хүртэл Монгол Улсад хийгдсэн усны тухай бүхий л судалгаануудыг нэгтгэн боловсруулах ажлыг хийж байна. Энэ ажлын хэсгийн үр дүнг чуулга уулзалтаар хэлэлцлээ.

Мөн Эрдэс баялагийн салбар нэлээд хөгжиж байгаа нь харагдаж байна. Хариуцлагатайгаар хөгжих ёстой. Хариуцлагатай хөгжлийн цаана олон хүний ажил амьдрал, улс орны эдийн засаг явдаг учраас энэ болгоны тулд хариуцлагатайгаар яаж хөгжүүлж болох вэ гэдэг дээр ухаанаа уралдуулах болж байна.” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ