2024.09.23
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Ж.Батсуурь: Орлого тодорхой иргэд ипотекийн зээлд хамрагдаж, орон сууцтай болох бололцоо нь нээгдэнэ
Төр засгаас иргэдээ орон сууцжуулах бодлогыг тодорхой хэмжээнд хэрэгжүүлж байгаа ч орон сууцтай болохыг хүсэж буй хүн бүр энэ боломжийг авч чадахгүй байгаа. Энэ талаар намууд үе үеийн сонгуулиар сайхан амлалт өгч, мөрийн хөтөлбөрт тусгагддаг ч ажил болсон нь тун ховор. Байгуулагдаад 2 сарын нүүрийг үзэж буй энэ удаагийн хамтарсан Засгийн газар Орон сууцжуулах талаар бодлогоо тодорхойлохдоо ирэх онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөсөн. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр 600 орчим тэрбум төгрөг орж ирдэг, мөн үүн дээр Үндэсний баялгийн сангаар дамжуулан 500-600 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэрт зарцуулахаар тусгажээ.
Ипотекийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр нийлүүлэлт ихэснэ гэсэн үг. Ингэхээр орлого тодорхой иргэдийн хувьд ипотекийн зээлд хамрагдаж, орон сууцтай болох бололцоо нь нээгдэнэ гэж үзэж байна. Мөн ипотекийн зээлийг амины орон сууц барих иргэдэд ч олгохоор төлөвлөжээ. Салбарын яам суманд амьдардаг иргэн, аймагт амьдардаг иргэн, хотод амьдардаг иргэний амьдралын чанарыг ойртуулахын төлөө бүх боломжийг бүрдүүлж ажиллахаар зорьж байгаа аж. Түүнчлэн энэ жил 150 мянган айлын орон сууц ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь мэдэгдсэн юм.
Салбарын яамнаас Төрөөс орон сууцжуулалтын талаар 2024-2028 онд баримтлах бодлого, чиглэлийг гаргасан. Үүнд орон сууцжуулалтын талаар эрх зүйн орчныг бий болгох, сумын төв, хот суурин газарт орон сууц барихад шаардлагатай инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн бэлэн байдлыг хангах, төрөөс санхүүжүүлэн хэрэгжүүлэх нийтийн, төрийн албан хаагчдын, зайлшгүй халамж асаргаа шаардлагатай иргэдэд зориулсан орон сууцны барилгын зургийн санг бий болгож, хөрөнгө оруулалтыг зөв хуваарилах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Үүнд:
- Орон сууцны ашиглалтын тухай, Үндэсний орон сууцжуулалтын тухай анхдагч хуулиудын төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих,
- Үндэсний орон сууцны хөтөлбөрийг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх,
- Орон нутаг дахь орон сууцжуулах төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх,
- Бага орлоготой айл өрх, залуу гэр бүл, төрөөс зайлшгүй халамж шаардлагатай айл өрхийг орон сууцаар хангах зэргийг төлөвлөжээ.
ШИНЭ МЭДЭЭ
Хот байгуулалтын форум зохион байгууллаа
2024.12.12
ЕГИПЕТИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИТАЙ ТАНИЛЦАВ
2024.11.08
ЕГИПЕТИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИТАЙ ТАНИЛЦАВ
2024.11.07
Сүхбаатар аймгийн Асгат суманд ажиллаа
2024.10.07