2025 ОНД АВТО ЗАМ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ТОМООХОН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛӨӨ ДЭМЖИНЭ
2024.09.03
Эдийн засаг, Худалдаа

2025 ОНД АВТО ЗАМ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ТОМООХОН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛӨӨ ДЭМЖИНЭ

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг өнгөрөгч баасан гарагт /2024.08.30/ УИХ-д өргөн барьсан. Төсөв өргөн барьсантай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан болон тус яамны мэргэжилтнүүд 2025 оны төсвийн төслийг танилцууллаа. 

Монгол Улсын 2025 оны төсөв нь “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” уриа дэвшүүлсэн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдана.

Ирэх оны төсөв нь нийгмийн нэн тулгамдсан, хугацаа шаардсан суурь асуудлуудыг шийдвэрлэх, нийслэлийн төвлөрлийг задлах зэргээр олон жил ужгирсан асуудлуудыг дорвитой шийдвэрлэхэд чиглэснээрээ онцлогтой.

Ирэх 2025 оны төсвийн төслийн бодлогын онцлогуудаас дурдвал:
  • Авто зам, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлнэ.
  • Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ.
  • Эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй ногоон орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ
  • Орон сууцжуулах хөтөлбөрийг Үндэсний баялгийн сантай уялдуулан цогцоор шийднэ.
  • Эрчим хүчний шилжилтийн зардлыг шийдвэрлэж, эрчим хүчний салбарын реформыг үргэлжлүүлнэ.
  • Бүсчилсэн хөгжлийн зорилттой уялдсан татварын бодлого хэрэгжүүлэн, боловсруулах үйлдвэрүүдийн татварыг хөнгөлнө

2025 оны төсвийн бодлого бүхэлдээ хөгжлийн том төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэж байна.

Хөгжлийн хөрөнгө оруулалт, бүсийн томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд нийт 6,9 их наяд төгрөгийг зарцуулахаар байгаа нь түүхэнд хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг дэмжих жил болж байна.

2025 онд 600 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 14 нь мега төсөл байна.

Тухайлбал,

  • Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал,
  • Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам,
  • Хөшигийн хөндийн туннел,
  • Тавантолгойн 450 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц,
  • Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын усан цахилгаан станц,
  • Эгийн голын 310 мВт-ын усан цахилгаан станц,
  • Газрын тос боловсруулах цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтын санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэхээр Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд тусгалаа.

ШИНЭ МЭДЭЭ