2024.08.30
Эдийн засаг, Худалдаа
Ч.Ундрам: Хөрс бохирдвол хүнс бохирдоно!
Монгол Улсын Их Хурлын Ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.30/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
Эхний асуултаа Байгаль орчны сайдаас асууя. Хог хаягдлын тухай хууль гэж бий. Үүнээс гадна химийн хорт болон аюултай бодисын тухай хууль гэж байдаг. Монгол Улс хөрсний бохирдол болон орчны бохирдол гэх зэрэг маш хүнд нөхцөлд байдаг.
Манай улс хөдөө аж ахуйн орон. Хөрс бохирдвол хүнс бохирдоно. Үүнээс шалтгаалж хүмүүс өвчилнө. Хог хаягдлын асуудалтай холбоотой хэдэн төгрөгийн асуудал нь 2023 оны төсөвт тусгагдсан. Тэр нь ямар төсөл хөтөлбөр болж хэрэгжин улмаар ямар үр дүнд хүрэв. Үүн дээрээ бид дүгнэлт хийгээд цаашид хэрхэн ажиллах ёстой вэ гэдэг дээр анхаарах ёстой!
МУИС 1942 онд байгуулагдаад 80 гаруй жилийн нүүрийг үзээд явж байна. Тэнд маш олон хорт бодис хадгалагддаг. Хэзээ яаж устгалд орох нь тодорхойгүй байдалтай явж байна. Стандартын шаардлага хангах сав баглаа боодол байхгүй. Цацраг идэвхт бодис бүхий хаягдлууд ч гэсэн Цөмийн технологийн хүрээлэн дээр бий. Мөн ахуйн хэрэглээний баттерей гэх мэт аюултай хог хаягдал ч байна. Химийн хорт болон аюутай бодисын тухай хууль хэрэгжиж байна уу?
Хоёрдугаарт, Орчин цагийн Боловсролын салбар үүсэн хөгжөөд 104 жилийн ой болж байна. Сургууль, цэцэрлэгийг нүхэн жорлонгоос салгая гээд 2021 оны төсөвт 100 тэрбум төгрөг Эрдэнэт үйлдвэрээс босгоод УИХ-ын тогтоолоор баталгаажуулаад хэрэгжүүлэх болсон. Өнөөдрийг болтол 100 тэрбум төгрөгийг бүрэн зарцуулж чадаагүй. 60 тэрбум орчим төгрөг зарцуулчихсан байгаа. Монгол Улсын 850 орчим ЕБС дотуур байр, цэцэрлэгийн нүхэн жорлонгийн 50 хүрэхгүй хувийг шинэчлэсэн. Эхнээсээ хийгдсэн нүхэн жорлонгууд нь хөлдөөд ажиллахгүй болж. Малчны 6 настай хүүхэд дотуур байранд амьдардаг. Шөнө орой болсон үед гадаа гарч бие засаж байна шүү дээ! Дээрх мөнгийг шийдвэрлэснээс хойш 4 дэх жил рүүгээ орж байна. 2023 онд юу хийгдэв. Цаашид бид ямар арга хэмжээ авах вэ?
Түүний асуултад, холбогдох ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024.10.28