Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа сувилгааг сайжруулахад хамтран ажиллана
2024.08.26
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа сувилгааг сайжруулахад хамтран ажиллана

Манай улсын хүн амын 10 хувь нь ахмад настан. Энэ тоо 2040 он гэхэд 17 хувьд хүрч, насжилт нэмэгдэх судалгаа бий. Иймд ахмад настны асаргаа сувилгааг сайжруулах, хувийн асрамжийн газрын үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 6 дугаар сард Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ахмад настанд үзүүлэх асаргааны хувилбарт үйлчилгээг шинээр тусгасан.

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцохоор ирсэн Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсад тулгамдсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа сувилгааны нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Байнгын асаргаа шаардлагатай иргэдэд зөвхөн тэтгэмж өгөхөөс гадна тэдэнд чиглэсэн олон төрлийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай байгаа юм.

Тухайлбал, хүний нөөцийг чадавхжуулах, шинээр асрамжийн газруудыг барьж байгуулах, хуучин асрамжийн газруудын барилгыг засварлах, тоног төхөөрөмжөөр хангах, асаргаа сувилгаа, асрамжийн үйлчилгээний санхүүжилтийн механизмыг сайжруулах, бодлогын шинэчлэл хийх зэргийг дурдаж болно.

Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын зүгээс идэвхтэй дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ