2024.08.19
Эдийн засаг, Худалдаа
Б.Энхбаяр: Том төслийг тендергүй хийх гэсэн санаархал дөрөв дэх удаагаа орж ирлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.08.19/ хуралдаан "Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд"-ийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Төсөв дагаж Тендерийн хуулийн том өөрчлөлт орж ирэх гэж байна. Энэ бол анх удаа биш дөрвөн удаа орж ирж байгаа хууль. Энэ хууль анх 2021 онд Ковидын хуулийг дагаж орж ирсэн. МАН өөрсдөө эрх барьж байсан ч энэ хуулийг дэмжихгүй буцааж байсан. 2022 онд бас орж ирж байсан. Мөн дэмжихгүй буцаасан. 2023 онд Тендерийн хууль шинэчилсэн найруулгаар батлагдахад том төслийг тендергүй хийе гэсэн энэ санаархал гурав дахь удаагаа орж ирсэн. Үүнийг УИХ-д эрх барьж байсан МАН-ын өөрөө бүлгийн олон шударга гишүүд дэмжихгүй буцааж байсан.
Одоо хамтарсан засгийн газраас энэ хуулийг өөрчлөхөөр дөрөв дэх удаагаа орж ирж байна. Энэ бол товчхондоо 40 тэрбум долларын өртөг бүхий томоохон төслийг гэрээ хэлцлийн буюу шууд байгуулах санаархал агуулагдаж байгаа юм. Хамтрахын нэр нь авлига, хээл хахуулийг хаахад оршиж байгаа юм. Ард түмний төлөөллийн дээд байгууллагаар ордог байх хэрэгтэй, хянуулдаг байх ёстой гэсэн шаардлагыг бид тавьдаг.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.