С.Ганбаатар: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мөрөөдлийн жагсаалтаа бичиж, гарчиг тавьсан байна
2024.08.19
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

С.Ганбаатар: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мөрөөдлийн жагсаалтаа бичиж, гарчиг тавьсан байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


-Анхны 126 гишүүнтэй парламентын ээлжит бус чуулган өнөөдөр (өчигдөр) нээлтээ хийлээ. Энэ хурлаар ямар, ямар асуудлыг хэлэлцэхээр болсон юм бэ?

-Энэ удаагийн ээлжит бус чуулганаар хамгийн гол нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг л хэлэлцэнэ. Үндсэндээ энэ жилийн төсөвтөө тодотгол хийнэ гэсэн үг. Хоёрдугаарт, Засгийн газар 2024-2028 онуудад ямар, ямар ажлуудыг хийх гэж байгаа юм гэсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг ярина.

-Төсвийн тодотголын төсөлтэй танилцаж амжсан уу. Нийтдээ гурав орчим их наяд төгрөгөөр төсвийг тэлсэн тухай шүүмжлэл явж байна шүү дээ?

-Миний хувьд төсөлтэй танилцсан. Ер нь төсөв гэдэг чинь орлого, зарлага хоёрыг л хэлдэг. Орж байгаа орлого, гарч байгаа зарлага хоёр тэнцэх ёстой. Үүнийг нь төсвийн тэнцвэржилт гэж ярьдаг. Харин олж байгаа орлого төсөвлөснөөс гэнэт ихсэх юм бол төсвийн тодотгол хийдэг. Одоо шинээр нэмэгдэж орж ирж байгаа 2.9 их наяд төгрөгийг юунд зарцуулах вэ гэдгээ одоо энэ чуулганаар ярина. Олон жил бид төлөвлөснөөс өөрчлөгдсөн учраас юунаасаа хасах вэ гэдгээ ярих гэж төсвийн тодотгол хийдэг байсан. Харин энэ удаад төсвийн орлого нэмэгдсэн учраас тодотгол хийх гэж байна.

-Тэгвэл төсвийн орлого яагаад ингэж 2.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн хэрэг вэ?

-Үүнийг ёстой ард түмэнд хэлэх ёстой. Хятад руу гэнэтхэн баахан нүүрс зараад мөнгө ороод ирэв үү, эсвэл юунаас болж нэмэгдсэн бэ гэдгийг олон нийт мэдэх хэрэгтэй. Нэгдсэн төсвийн нийт орлогын батлагдсан дүнгээс 2.9 их наядаар нэмэгдүүлсэн байгаагаас хамгийн их нь буюу 58.6 хувь нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас орсон байна. Нэг ёсондоо аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1.7 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн байгаа юм. Энэхүү өсөлтийн шалтгааныг нь тодруулахаар би яг одоо сууж байна. Ард түмэн үүн дээр анхаарлаа хандуулах ёстой. Яг үйлдвэрлэлийн өсөлт үү. Инфляци хэдэн хувь нөлөөлсөн бэ. Мал, махны экспорт нэмэгдсэнээс болов уу гэсэн асуултуудад хариулт олох нь энэ удаагийн төсвийн тодотголын хамгийн чухал зүйл.

Би бодохдоо энэ удаад эрүүл биш төсвийн өсөлт байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэмсэн байна гэж харж байгаа. Тиймээс л хүмүүсийг үүн дээр анхаарлаа хандуулаасай гэж хүсч байгаа юм.

-Засгийн газрын өр нэмэгдсэн гэж байсан. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-Үүнийг би ээлжит бус чуулганы үеэр нэлээд дэлгэрүүлж ярина. Гэхдээ танд товч мэдээлэл өгөхөд, үнэхээр Засгийн газрын өр нэмэгдэж орж ирсэн. Гэтэл гадаадын энэ өр зээл, тусламж бодит амьдрал дээр аж ахуйн нэгж, ард иргэдэд яаж наалдаж байгаа юм гэдгийг асуух хэрэгтэй. Монголын ард түмний аж амьдрал, зовлон бэрхшээлийг нулимс гартал төсөл бичээд гадаадаас зээл, тусламж хэлбэрээр авдаг. Үүнийхээ ойролцоогоор 70 хувийг нь өөрсдөдөө цалин болгож аваад 30 хувийг нь аманд ч үгүй, хамарт ч үгүй байдлаар тараадаг юм биш биз дээ гэж би хардаж байгаа.

Ийм байвал нэн даруй таслан зогсоох хэрэгтэй. Энэ өр, зээлийг чинь Монголын хүүхдүүд дараа нь хүүтэй нь төлнө. Тийм ч болохоор чуулган дээр нэлээд дэлгэрүүлж ярихаар төлөвлөж байгаа юм. Гадаад зээл тусламжийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт дотор Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих техникийн шинэчлэлийн төсөл байгаа. Гэтэл үүн дээр нэгхэн тэрбум төгрөг тавьсан.

Уг нь мал аж ахуйн салбарыг өөд нь татах хамгийн гол төсөл юм шүү дээ. Бусад дээр нь болохоор олон зуун тэрбумаар нь тавьдаг. Өөрсдөдөө цалин авах гэж ийм олон хэрэгтэй, хэрэггүй төсөл хэрэгжүүлээд байгаа юм биш биз гэсэн хардлага байна. Үүнийг би мөнгө угаалт гэж ойлгодог. Сангийн яам хянаж, хариуцах ёстой. Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос яг энэ асуудал дээр Ажлын хэсэг байгуулж ажиллана. Эргээд ард түмэндээ тайлангаа тавина.

-Сонгуулийн үр дүнгээр гурван намын хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэгэнт хамтарсны дараа олон юм ярих нь жаахан ёс зүйгүй юм. Гэхдээ хяналтын механизмаа сайн хэрэгжүүлээрэй л гэж ард түмэн сонголтоо хийсэн байх гэж би ойлгодог. Одоо чинь хамтарсан Засгийн газрын гэрээг байгуулсан. Үүн дотор нь олон олон үйлдвэрлэл, бүтээн байгуулалт бичсэн байна. Гэвч зүгээр л мөрөөдлийн жагсаалтаа бичиж, гарчиг тавьсан байна. Үүний цаана ТЭЗҮ, мэргэжилтэн, инженер, судлаачдын үндэслэл нь хаа байна гээд асуухаар бараг 50 орчим хувь дээр нь байхгүй л гэж хариулж байгаа юм. Манайхан чинь гарчиг хараад л баярлаад байдаг. Гэтэл үүн дотор чинь л луйвар байдаг юм. Тиймээс энэ төслүүд дээр хянуур хандаж, ТЭЗҮ-ийг нь сайн харах ёстой.

-Хамтарсан Засгийн газрын гэрээн дээр ямар, ямар заалт орсон юм бэ?

-Гэрээ гэдэг чинь хэрэгжих ёстой. Хэрэв хэрэгжихгүй бол яаж хариуцлага тооцох юм. Хэн нь хэндээ хариуцлага тооцох юм гээд асуудлууд бий. Миний нэг дургүй байгаа зүйл гэвэл МАН-ын дарга нь Ардчилсан намын сайд нарыг нөгөө фракцуудтай нь ярьж солино гэдэг заалт орсон байна лээ. Үүнийг ч гэсэн тодруулж асуух шаардлагатай.

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зүйлүүдээс онцлох юм юу байна вэ?

-Үйл ажиллагааны хөтөлбөрт бүтээн байгуулалтын том том төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна лээ. Жишээлбэл, Ган татлагат гүүрэн байгууламж, Хөшигийн хөндийн тунель, Засгийн газрын нэг цэгийн цогцолбор, Туул хурдны зам гээд долоон том төсөл байсан. Харамсалтай нь аж үйлдвэржсэн, ажлын байр бий болгосон, орлого нэмэгдүүлдэг, мөнгөөр мөнгө хийдэг аж үйлдвэрийн төсөл огт байхгүй. Дандаа дэд бүтцийн төслүүд. Үүнийг би эсэргүүцээгүй.

Гэхдээ дэд бүтцийн төслүүдийг аж үйлдвэрийн төслүүдээсээ олсон ашгаараа хийдэг. Бүгдээрээ дэд бүтцийн төсөл байдаг нь яаж байгаа юм. Ядаж тал нь аж үйлдвэрийн төсөл байж болоогүй юм уу гээд асуулт их байна. Дээрээс нь төсвийн тодотголд 3.1 их наяд төгрөгөөр зарлагыг нэмэгдүүлж байгаа. Үүний 1.7 их наяд нь хөрөнгийн зардал, 1.2 их наяд нь урсгал зардал байсан. Одоо он дуустал дөрөвхөн сарын дотор ийм их мөнгийг нэмж зарцуулах гэж байна. Хамгийн аюултай зүйл нь энэ.

Орон нутгийн сонгуульдаа зарцуулах гэж байна гэж хардах нь хаашаа юм. Гэхдээ үүнийг тодруулах ёстой. Хөрөнгийг нь зарцуулж чадах эсэх дээр тайлбар авна. Мөн хувь хүний орлогын албан татварыг 539 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Гэтэл зөрүүлээд төрийн албан хаагчдын цалинг 110 тэрбум төгрөгөөр хассан байгаа юм. Тийм олон цомхотгол хийсэн үү. Эсвэл тооцооны алдаа байна уу гэдгийг тодруулах л хэрэгтэй.

-Аж үйлдвэрийн бүсчилсэн паркууд барина гэж яриад л байсан. Засгийн газрын хөтөлбөрт тэр нь хэр туссан юм бэ?

-Яг энэ асуудал Засгийн газрын хөтөлбөрт байгаагүй.

ШИНЭ МЭДЭЭ