ХАЛАМЖИЙН СЭТГЭЛГЭЭГ ӨӨРЧИЛЖ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖЬЕ
Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбооны төлөөлөлтэй дахин уулзаж, үйл ажиллагааны эрхзүйн орчныг нь хэрхэн боловсронгуй болгох талаар ярилцлаа. Тус холбоо нь ажил олгогч, ажил хайгч, зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг үзүүлдэг.
Эрхзүйн орчноо боловсронгуй болгосноор, 30 хөдөлмөрийн бирж шинээр байгуулж, нэг жилд 12 мянган хүнд хүрч үйлчлэн, 6 мянган иргэнийг байнгын ажлын байранд зуучлахаар тэд төлөвлөжээ. Манай улсад 2024 оны 7 дугаар сарын байдлаар 95976 иргэн хоол, хүнсний талон авдаг, тодорхой ажил эрхэлдэггүй гэсэн статистик бий. Тэдний халамжийн сэтгэлгээг өөрчилж, ур чадварыг зөв үнэлэн, иргэдийг хөдөлмөр эрхлэлтэд зуучлах, дэмжих нь нэн чухал ажлын нэг.
Мөн төр, хувийн хэвшлийн хөдөлмөрийн байгууллагын ажилтан, мэргэжилтнүүдийн тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлж, тогтмол сургаж, хөгжүүлэх хэрэгцээ шаардлага бий болоод байна. Иргэдийн хөдөлмөр эрхлэх ур чадварыг зөв үнэлэх, дүүргүүдийн хөдөлмөр, халамжийн хэлтсүүдтэй хамтын ажиллагааг нь сайжруулан, менежментийн шинэчлэл хийж, чанартай, хүртээмжтэй, иргэнд ойр үйлчилгээг нэвтрүүлнэ.
Төр бодлогын хэрэгжилт, стандарт сахиулах ажлаа хийж, мэргэжлийн байгууллагууд нь төрийн өмнөөс ажил үйлчилгээг аваад явсан нь үр дүнтэй байж болох талаар биржийн төлөөлөлтэй ярилцлаа. Өнөө цагт хөдөлмөрийн зах зээл өөрчлөгдөж, албан бус хөдөлмөр эрхлэгч, хөлсөөр болон гэрээгээр ажиллагсад зэрэг ажлын байрны олон зохицуулалт бий болсон. Тиймээс эрэлт нийлүүлэлт, мэргэжлийн болон техникийн боловсрол, гадаадад байгаа ажиллах хүчний асуудал гэх мэтээр хөдөлмөрийн зах зээлийн статистикаа бодитойгоор гарган, хэрэгцээнд суурилсан Big Data буюу Их өгөгдлийг боловсруулна.