КОД БИЧИХ ОХИДЫН ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУРАГЧ АМЖИЛТТАЙ ТӨГСЛӨӨ
2024.08.12
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

КОД БИЧИХ ОХИДЫН ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУРАГЧ АМЖИЛТТАЙ ТӨГСЛӨӨ

Код бичих охидын хөтөлбөрийн 30 сурагч төгсөлтөө хийлээ. /2024-08-09/ Хөтөлбөрт хамрагдсан сурагчид Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 6000 гаруй хүүхдээс шалгарч хоёр сарын хугацаанд код бичих эрдэмд суралцжээ.

Хөдөө орон нутаг, алслагдсан дүүрэг хороонд амьдардаг охидод мэдээллийн технологийн ур чадвар олгох замаар бүс нутгийн тоон хуваагдлыг бууруулах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөц, тэр дундаа эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бэлтгэн салбарын жендерийн тэгш бус байдлыг бууруулах нь код бичих охидын хөтөлбөрийн зорилго юм байна.

Хөтөлбөрийн үр дүнг охидын бүтээлээр хэмждэг бөгөөд охид ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн бүтээлч багш нарын удирдлага дор хичээллэж, сурсан мэдлэгээ ашиглан бүтээл туурвин, түүнийгээ хөтөлбөрийн зохион байгуулагчид болон санхүүжүүлэгч нарт танилцуулдаг.

Энэ жилийн охидын хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сан / ЮНИСЕФ, Энержи ресурс ХХК, Голомт банк, ОНДО ХХК, Нано интернэйшнл компаниуд ивээн тэтгэж ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль хамтран ажилласан байна. Өнөөдрийн арга хэмжээнд хөтөлбөрийн санаачлагч SpaceX компанийн стратегийн зөвлөх Б.Болор-Эрдэнэ, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нарын хамт оролцлоо.

SpaceX компанийн стратегийн зөвлөхөөр ажиллаж буй Б.Болор-Эрдэнэ 2021 онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга байхдаа энэхүү хөтөлбөрийг анх санаачилж байв. Миний бие хөтөлбөрийг эхэлсэн цагаас дэмжиж байсан бөгөөд цаашдаа хүрээгээ тэлж зөвхөн охид гэлтгүй хөвгүүдэд зориулсан хөтөлбөрийг хэрэгжүүлбэл хамтран ажиллахад бэлэн гэдгээ санаачлагчдад хэллээ.

Боловсролын салбарт сайдаар ажиллах хугацаандаа боловсролын цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлж сургалтын Pearson, Eduten зэрэг платформуудыг нэвтрүүлж байлаа. Мөн хиймэл оюун ухааныг боловсролын системд нэвтрүүлж нэгээс хоёрдугаар ангийн сурагчдад код бичих хичээлийг туршилтаар зааж эхлэхээр болсон. Англи хэлийг үндсэн гадаад хэл болгон хуульчилсан бөгөөд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт англи хэлийг гуравдугаар ангиас эхлэн заахаар тусгаад байгаа. Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын 50 сургуульд туршилтаар гуравдугаар ангиас англи хэл зааж эхлэхээр болсон мэдээ бий.

Дэлхий дахинд хөдөлмөрийн зах зээлийн шилжилт маш эрчимтэй хийгдэж хиймэл оюун ухаан, мэдээллийн технологид суурилсан ажлын байрны эрэлт хэрэгцээ бий болж байна. Үүнд бид бэлдэх ёстой. Хөдөлмөрийн зах зээл дээр мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн эрэлт ихэссэн, ажил олгогчид ур чадвартай ажилтан хүсдэг болсон өнөө цагт хөтөлбөрийн цар хүрээг өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой юм.

ШИНЭ МЭДЭЭ