Б.ЭНХБАЯР: ИЛЧЛЭЭД ОРХИХ БИШ ХУЛГАЙН НҮХ СҮВИЙГ БӨГЛӨХ НЬ ЧУХАЛ
Б.Энхбаяр Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024.08.09
Улстөр

Б.ЭНХБАЯР: ИЛЧЛЭЭД ОРХИХ БИШ ХУЛГАЙН НҮХ СҮВИЙГ БӨГЛӨХ НЬ ЧУХАЛ

2024 оны 04 дүгээр сард УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Баттөмөрийн Энхбаяртай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Та 2020 онд Их хуралд нэ дэвшихдээ “Танилцах аялал хийхгүй” гэдгээ хэлж байж. Анх удаа УИХ-д өрсөлдөж байж өөртөө эрдсэн, хэт итгэлтэй байсан санагдаж билээ.

-Хууль тогтоох дээд байгууллагад нэр дэвших шийдвэрийг би сайтар ухамсарлаж, хариуцлагатай гаргасан. “Олны итгэлийг тээж, дааж явахад бэлэн болсон уу” гэдэгтээ “тийм” гэж өөртөө хариулсан цагтаа нэр дэвшсэн. Улс төрийн амьдрал гашуун, “гал атгана”, эрсдэл үүрнэ гэдгийг мэдэж хийсэн тийм сонголт. Өөртөө байгаа шийдлээ ажил хэрэг болгоё, хуулийн хулгайтай тэмцэе гэдэг итгэл үнэмшлээ иргэдэд хэлсэн. 25-тайгаасаа эхлээд төрийн гурван байгууллагад Тамгын газрын дарга, улс төрийн байгууллагад зөвлөхөөр ажилласан туршлагатай болсон хойноо нэр дэвшсэн. Би хувьдаа бизнесгүй, халгиж цалгих мөнгөгүй. Надад төрд орж хувийн бизнесээ тэтгэх, фракц бүлэглэлийн кнопчин болж зам мөрөө үгүйсгэх хүмүүжил байхгүй. Харин боловсруулсан шийдэл, бэлэн төлөвлөгөө байсан. Энэ утгаараа нэр дэвших шийдвэртээ итгэлтэй байсан. Тэрийгээ нэр дэвшихдээ иргэдэд хэлж, тэд дэмжиж итгэлээ өгсөн.

-Шийдэл хүлээсэн асуудал нийгэмд олон бий. Яг ямар асуудлуудад Та шийдэл бий гэж хэлсэн юм бэ?

-2020 оны УИХ-ын сонгуульд би тодорхой хэдэн шийдэл ярьж нэр дэвшсэн. Нэгдүгээрт, өмчийн реформ. Төрийн өмчит компаниудад авлига, хулгай нүүрлэсэн. Хулгай хийх боломжийг олгож байгаа хуулийн нүх сүвүүдийг хааж бөглөх ёстой. Тиймээс төрийн өмчит компанийн засаглалыг шинэчилнэ гэсэн. Хөгжлийн банк, нүүрсний хулгайтай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хийж, бугшсан асуудлуудыг нийгэмд дэлгэж тавилаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Төрийн өмчийн тухай болон Төрийн өмчийн компанийн тухай хуулийн төслүүдийг боловсруулж УИХ-д өргөн барилаа. Энэ янзаараа байгаад байж болохгүй, засаж сайжруулах ёстой юм байна гэдгийг дарга цэрэггүй ярьж, олон нийт шаардаж байгаа нь хамгийн гол. Дөрвөн жилийн өмнө өмчийн асуудлыг хэн ч ярьдаггүй, хүлээж авдаггүй байсан хандлага одоо өөрчлөгдсөн байна. Шийдэл нь хууль, эрх зүйн өөрчлөлт гэдгийг ойлгосон учраас иргэдийн хяналт, дэмжлэгтэйгээр энэ реформ явна.

Хоёрдугаарт, орон сууцны доорх газрыг нийтийн хэрэгцээнд эзэмшүүлнэ. Уг асуудлаар хуулийн төслийг боловсруулаад УИХ-д өргөн барьж, хэлэлцэх эсэхийг шийдүүлсэн. Хараахан батлагдаагүй байгаа. Ер нь Монгол Улс газрын хувьд нэгдмэл бодлоготой байх ёстой. Энэ бодлого алдагдаж, хяналт төлөвлөлт цалгардахын хэрээр хот, хөдөөгүй бэрхшээл үүссэн. Хотод цэцэрлэг, сургууль, амьдрах орчин, хөдөөд бэлчээр, уул уурхай дагасан хямрал гарч байгаа юм. Газрын багц хууль дээр ажиллаж байгаа. Газрын асуудлаар сонсгол явуулах Түр хороог ч ахлахаар болсон.

Гурав дахь нь хуулийн хулгай. Олон хууль, хуулийн төслийг ухаж төнхөж засуулсан. Намын нөхөддөө ч хатуу үг хэлсэн, гаднаас хууль лоббидсон нөхдийн ч дайсан болсон. Хуульч мэргэжлийнхээ онцлогийг гаргаж их уншиж, ажил хэрэгч, хянуур ажиллахыг хичээлээ. Хүч хүрэхгүй үед иргэдэд мэдээлэл өгч, хатуухан дуугарснаар хамтдаа олон хуулийн хулгайг зогсоож чаджээ. Мэдээлэлтэй иргэд үнэхээр хүчтэй юм билээ.

ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙГ ХУУЛЬ ЗАСВАРЛАЖ,
ХУУЛИАР ЦОНХ НЭЭЖ ХИЙДЭГ

-Гурав дахь асуудлаас хэдийг жишээ болгож дурдвал?

-Хамгийн том хулгайг хууль засварлаж, хуулиар цонх нээж хийдэг. КОВИД-ын үед Тендерийн хуульд өөрчлөлт оруулаад, томоохон төслүүдийг хөдөлгөх нэрийдлээр байгалийн том ордуудыг барьцаалж, ямар ч тендергүйгээр бүтээн байгуулалт хийх байсныг таслан зогсоож чадсан. Үүний цаана 50-60 их наяд төгрөгөөр хэмжигдэх мөнгө яригдана. Энэ бол маш том хэмжээний авлига болох байсан. Үүнтэй тэмцсээр таслан зогсоосон. Мөн улсын нууц, байгууллагын нууц гэсэн халхавчаар асар их авлигын асуудлыг дардаг байсныг болиулсан. Ил болгосон. Энэ асуудлыг анх УИХ-ын гишүүн болохдоо л ярьж хөөцөлдсөөр засуулсан. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулж байсан ялын бодлого сул байсныг чангалсан. Авлигын хэрэг дээр өршөөл үзүүлэхгүй, хялбаршуулахгүй байх, зарим авлигын хэрэгт бүх насаар нь хорих ял өгдөг байх өөрчлөлт оруулсан.

Хамгийн сүүлд гэхэд, 1000 гаруй журмыг хүчингүй болголоо. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс хуулиасаа ч олон журамтай болсон байсан. Хууль тогтоох эрх мэдэл нь ард түмнээс сонгогдсон парламентад байдаг. Гэтэл хэн нэг дарга, сайд журам гаргаад ард түмний эрх мэдлээс давсан шийдвэр гаргадаг байж болохгүй шүү дээ. 2500 гаруй хууль, журмын цаана “журмаар зохицуулах” нэрийдлээр хүний эрх л зөрчигдөж, нэг даргаас хамааралтай болж, хүнд суртал үүсч, авлигын үүд хаалгыг бий болгосон юм билээ. Тиймээс энэ байдлыг цэгцлэхээр Ажлын хэсэг гаргаж, Засгийн газарт энэ асуудлыг оруулж, шаардлагагүй 1000 гаруй журмуудыг хүчингүй болгосон.

-Хөгжлийн банк, Нүүрсний хулгай гээд бүтэн жилийн турш Та 2 том сонсголын ард гарч чаджээ. Хүмүүс мэдээлэлтэй болсон, мартахгүй, цаашид шахаж шаардах нь тодорхой болсон нь сонсголын үр дүн байлаа. Түр хорооны даргаар ажилласны хувьд Та үр дүнг хэрхэн үнэлж байгаа вэ?

-Хүний өөрийнгүй, дарга цэрэггүй харуулсан гэдэгтээ ам бардам байна. Нууж хаагаагүй, ёстой л олон нийтийн төлөөлөгчийн ажлаа хийсэн. Надад барьцаалагдах бизнес, ашиг сонирхлын зөрчил байхгүй учраас зоригтой ажилласан. Ямар схем энэ 20, 30 жилийн хугацаанд сүлжээ үүсгэн сүлбэлдэж, яаж хулгай хийж байсныг илчилсэн. Нотлох баримтыг дэлгэж, яаж ч хаацайлах боломжгүй болгож, ард түмний хяналтад оруулсан. Өөрөөр хэлбэл, сонсгол хийсний үр дүн төрөөс хийдэг хулгайг гэрэл цохиулсан явдал. Монголын үндэсний олон нийтийн телевиз болон бусад телевизээр шууд дамжуулсан. Хэвлэл мэдээллийн байгууллагууд олон талт мэдээллүүд нийтэлсэн. Одоо харин мөрдөгч, прокурор, шүүхийнхний ажил үлдсэн.

Мэдээж жинхэнэ том хулгайчид нь сонсголын үр дүнг бүдгэрүүлэх гэж их хичээсэн, оролдсон. “Гөлөг төөрүүлэх” гэж оролдсон, элдэв дайралт хийсэн, жүжиг захиалсан. Гэхдээ эцсийн дүнд хэн нь хэн бэ гэдгийг олон нийт гярхай хардаг, ялгадаг юм билээ. Иргэдийн дэмжлэг надад мэдрэгдсэн. Монголчууд хэрсүү болсныг хулгайчид ч мэдсэн биз. Энэ сонсголууд Монгол Улсад хуульгүй мэт аашилж, зоргоороо загнаж байсан том, жижиг олон дарга нарт цочроо өгсөн. Тэд айж эмээсэн. Нөгөө талаас олон уран заль, худал амлалт, хуурамч дүрийн арьс хууларлаа. Дахиад хэлэхэд, хулгайг илчлээд зогсохгүй хуулиар засах л чухал юм билээ.

-Иргэд бол “хулгайч нарт хариуцлага тооц” гэж шаардаж байгаа. Ийм хариуцлагын асуудал яригдах уу?

-Товчхон хэлэхэд, би ял өгдөг хүн биш шүү дээ. Хүний ял, зэмийг дэнслэх эрх мэдэл хэн нэг сайд, улстөрчид байж болохгүйг бүгд л мэддэг. Магадгүй хоёр удаагийн сонсголоор мэдээлэлтэй болсон иргэд хулгайч нарт хорссондоо хариуцлага нэхэж байгаа, тэрийг ойлгож байна. УИХ бол ажлаа хийгээд, мэдээллийг ил болгож, олон нийтийн хяналтад оруулсан. Одоо хууль, хяналтынхны ажил үлдлээ гэж хэлээд байгаа нь энэ.

Тэдний ажлын үр дүнгээс Монголын ард түмний шударга ёсонд итгэх итгэл сэргэх үү, бөхөх үү гэдэг хамаарна. Шүүхээр хэлэлцэж байгаа хэргүүд дээр тухайлан би нэг ч байр суурь илэрхийлэхгүй.

-Яагаад?

-Нэгдүгээрт, шүүх эрх мэдэл хараат бус байх ёстой. Үүнд улс төрийн албан тушаалтан оролцдог, нөлөөлдөг, хэрэг ярьдаг байж болохгүй гэж би үздэг. Харин шүүхийг хараат бус ажиллах тал дээр улс төрийн албан тушаал эрхэлж байгаа улсууд тус дэм болох ёстой. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь тодорхой хэргүүд рүү ороод, чиглэл, даалгавар өгөөд эхэлбэл энэ нь нийгэмдээ аюултай. Хэрэг дарах, хаацайлах, эвлэрэх араа гинжийг өөгшүүлэх ч аюултай. Тэр орчиндоо тэмцлээ явуулж, эрүүл болгох ажилд сайд нь өөрөө гэрэл тусгаж сайнаар манлайлах ёстой юм билээ. Би сайдын ажлыг аваад хэргийн хувь заяанд нөлөөлж байгаа хүмүүст оноох ялын бодлогыг чангалсан. Улстөрчид хэрэг, маргаанд оролцдог, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулдгийг боль гэдэг хатуу шаардлага тавьж хуульчилсан. Бас багагүй маргаан өрнөснийг санаж байгаа биз ээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажил бол эрх зүйн оновчтой орчныг бүрдүүлэх, ажиллах хүн хүч, техник технологи, хөрөнгө санхүү, бодлогоор нь дэмжих юм. Улстөрчид өрөөндөө шүүгч дуудаж, ялын хэмжээг нь хэлж өгдөг хонгилын системийг нураахын тулд бодлого дээрээ хатуу байр суурьтай байна.

Үүнийг зөвхөн яриад яваагүй. Ялын бодлогоор чангалж, хуулиа батлуулж бодит үйлдэл хийсэн. 2022 онд цагаатгах процессыг хуулиар тодорхой болгосон. Хүний гэм буруу нь нотлогдож, тогтоогүй байхад л шүүхээс дахин дахин мөрдөн байцаалтад буцааж чирэгдүүлээд байж болохгүй. Тогтоогдохгүй, нотлогдохгүй бол цагаатгах ёстой. Нөгөө талаар авлига, албан тушаалын хэргүүдийг шүүхээс буцааж, хөөн хэлэлцэх хугацаагаар замхруулдаг байсан. Үүнийг болиулна гэж ярьсаар байгаад заслаа. Одоо хэрэгжиж байна. Өөрсдөө нотолж чадахгүй мөртлөө хүнээр өөрөөр нь хэрэг хүлээлгэдэг байж болохгүй. Гэрч гэж байцааж, эрүүдэн шүүж байгаад хэргийг нь хүлээлгэдэг системийг нураахын төлөө ажиллаж байна. Иймд би амласан зүйлсээ яриад явах бус бодит ажил болгож, батлуулаад, хэлэлцүүлээд явж байгаа.

-Дөрвөн жилийн хугацаанд Та хойш суулгүй “гал атгажээ”. Энэ утгаараа ч олон дайсантай улстөрч боллоо гэж харсан. Ямар нэгэн байдлаар дарамт ирж байна уу?

-Надад хариу ирнэ, тэд зүгээр суухгүйг би мэддэг. Хуулийн төслийн зүйл, заалтыг эсэргүүцэж унагахад, хуулийн нэг үг засуулахад, хоёр ч сонсгол хийхдээ ч би мэдэж байсан. Ухамсарласан, тооцсон, зориглосон гэсэн үг. Гэхдээ надад тэр хүмүүстэй хувийн ямар ч асуудал байхгүй шүү дээ.

Нүүрсний сонсголын үеэр гэхэд би хулгайчидтайгаа үзэлцээд байдаг, гэтэл түр хорооны зарим гишүүн маань дотроосоо надтай үзэлцээд байх жишээтэй. Сонсголын дараа бол Тусгаар тогтнолын ордон дотроос намын цагаан байрны нөхөд маань намайг эсэргүүцэж эхэлсэн шүү дээ. Намайг харлуулах гэж захиалсан, хэвлэл мэдээллийн кампанит акц хөлсөлсөн. Захиалгаар ажилласан сэтгүүлчийг нэрлэ, зарла гээд нэхэж ч байх шиг. Тэгж дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн мэргэжлийн редакцуудтай яс хаяж муудалцуулах гэж ч оролдсон. Би бол яах вэ, араа даана. Хамгийн гол нь булхай луйврыг илчлэхэд гол ажлыг нугалсан шинжээчдийг дарамтлах гэж оролдоно. Тэднийг дарамтаас ангид байлгаж, хамгаалах нь Түр хороо даргалж сонсгол явуулах хүний хийх хамгийн чухал ажил юм билээ.

-Сонсголд олон мянган хүний нэр дурдсан. Олон аж ахуйн нэгжийг нэрлэсэн. Тэр дундаас танай намын улстөрчид л таныг шүүхэд өгнө, Цэцэд өгнө, нэр төрөө сэргээлгэнэ гээд байгаа шүү дээ?

-Нээлттэй шүү дээ, тэр хүний эрх. Гэхдээ шүүхэд өгөөд, Цэцэд хандсан юм байхгүй. Гүтгэсэн байна уу, үгүй юу гэдгийг нотлохын тулд хууль хяналтын байгууллагад хоёр тал хоёулаа баримтаа өгнө, шалгуулна. Тал талаасаа баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Тэгэхээр өгөхгүй байна гэдэг чинь цаанаа учиртай л байхгүй юу.

АРД ТҮМНЭЭС СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧ БОЛОН УЛСТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ ЭТГЭЭД ӨӨРИЙГ НЬ ШҮҮМЖИЛСЭН ИРГЭДИЙГ ЦАГДААГААР ШАЛГУУЛАХ ГОМДОЛ ГАРГАХ ЁСГҮЙ ГЭЖ БИ ҮЗДЭГ

-Эсрэгээрээ та хувийн шалтгаан, хонзонгоор бусдад хандсан байвал яах вэ. Ийм хардлага байж болно биз дээ?

-Хуулийн сайд хүн хувийн асуудлаар аливаад хандаж болохгүй. Надад ямар ч хувийн зөрчил, асуудал энэ хүмүүстэй байхгүй. Би хувийн жижиг маргаан, таагүй байдлаасаа болж албан тушаалаа ашиглаж, бусдаас өшөө авах тийм ёс суртахуун, хүмүүжилтэй хүн биш ээ. Харин ч би энэ бүхний эсрэг байдаг. Хүнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө торгож, шийтгэсэн асуудал КОВИД-ын үед өссөн. Тэр үед үүнийг эсэргүүцэж, хуулийн бодлогыг шүүмжилж байсан хүн нь бий.

Иргэдээс сонгогдсон төлөөлөгч болон улстөрд нөлөө бүхий этгээд өөрийг нь шүүмжилсэн иргэдийг цагдаагаар шалгуулах гомдол гаргах ёсгүй гэж би үздэг. Тийм учраас Эрүүгийн хуульд “улс төрд нөлөө бүхий этгээдийг ажил албан үүрэгтэй нь холбоотойгоор хардсан сэрдсэн үйлдлийг гүтгэх гэмт хэрэгт тооцохгүй” гэдэг хуулийн төсөл санаачлан боловсруулж, 2021 оны гуравдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэхдээ энэ нь батлагдаагүй, хэлэлцэгдэхгүй байгаа. Яагаад гэхээр манай гишүүд дэмжихгүй байгаа. “Чи биднийг шүүмжилж болно гэдэг хууль санаачлаад байх юм” гэдэг үндэслэлээр хэлэлцэхгүй байгаа. Цаг хугацааны хувьд хэлэлцүүлэгт оруулчихаар дэмжихгүй унагаах эрсдэлтэй байгаа учраас тохиромжтой цагийг хүлээж байгаа юм.

-Дөнгөж сайд болоод л Эрүүгийн хууль, Эрүүгийн процессын хуулиудыг өөрчилсөн. Сонсгол эхлэхээс өмнө хийх гэж яарсан ажил байсан уу?

-Тийм ээ. Эрүүгийн хууль бол бусад хуулиас онцлогтой нь байнгын ажлын хэсэгтэй байдаг. Тэр ажлын хэсэг дээр судлаад, үр нөлөөг нь хэмжсэн, хүний эрхийг хамгаалах ач холбогдолтой өөрчлөлт байсан. Сайдаар томилогдоод 10 хоногийн дараа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан, намрын чуулганаар батлуулсан.

Уг хуулиудаар хөнгөн гэмт хэрэгт холбогдуулан хүнийг цагдан хорих явдлыг бүрмөсөн болиулсан. Цагдан хорьдог хугацааг 2 дахин бууруулсан. Хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт цагдан хорих дээд хугацаа 1 жил байсныг 6 сар болгосон. Хүнд гэмт хэрэг дээр л цагдан хорих хугацааг дээд тал нь 1 жил байхаар хуулиар зохицуулсан. Энэ өөрчлөлтөөр эрүүдэн шүүлт, залхаан цээрлүүлэлтийг арилгах ёстой. Хуулийн байгууллагынхны зүгээс гаргадаг энэ аяглалыг хуулиар нь л таслан зогсооно шүү дээ.

-Дотроосоо, салбараасаа энэ өөрчлөлтийг хийхэд хэр эсэргүүцэлтэй тулгарч байна вэ?

-Манай системийнхэн үүнд таатай хандаагүй нь мэдээж. Энэ системийг эрүүл болгох гэж ажиллаж байгаа сайд нь. Тийм учраас системд байгаа болохгүй, бүтэхгүй асуудлыг систем өөрөө эсэргүүцэж байсан ч хийх ёстой. Тэгэхдээ энэ бол зөвхөн эхлэл нь. Шүүх байгуулах тухай хуулийг өргөн барьсан. Энэ бол Шүүхийн тухай хуулийн үргэлжлэл юм. Мөрдөн шалгах, прокурорын хяналттай холбоотой хүний эрхийн тал дээр системд томоохон өөрчлөлт хийх шаардлага бий. Үүнийг хийнэ.

Энэ бүхнийг хийх хоёр янзын арга байдаг. Гал дүрэлзүүлээд хийж болно. Эсвэл алгуурхан, зугуухан хийж болно. Өөрөөр хэлбэл, системд айхтар доргио өгч ажлыг нь цалгардуулахгүйгээр шат дараалан хийж болно. Би хоёр дахь замыг нь сонгосон. Үүнд цаг их орно, ухаан, хөдөлмөр их шаардана. Шинэчлэл эхлээд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Олон нийтэд ойлгуулж, ард иргэдийнхээ дэмжлэгийг авах ёстой.

-Энэ парламент хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох чиглэлд эрх зүйн реформуудыг хийжээ. Гүйцэтгэх засаглал ч энэ чиглэлд том зорилготой ажиллаж байгаа нь цаг хугацааны сайн давхцал боллоо гэж харж болох уу?

-МАН хоёрдахь удаагаа үнэмлэхүй олонх болсон. Нэг талдаа ачаа их үүрнэ. Сөрөг хүчин сул, талцал ихтэй. Гол асуудал нь, одоогийн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлсэн эхний 2 жил “КОВИД-19” цар тахал, хөл хориотой байсан. Цар тахлын нөлөө өнөөдөр ч арилаагүй байна. Хүмүүсийн сэтгэл санаа, эрүүл мэнд, эдийн засаг, ахуй амьдралд хүчтэй нөлөөлсөн. Энэ хүнд үеийг давахад одоогийн парламент эрх зүйн зохицуулалтыг шуурхай хийж, цахимаар хуралдаж, Засгийн газрыг амжилттай ажиллах нөхцөлөөр хангаж байсан. Монгол Улс олон тал дээр гадаад нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай байна. Дэлхийн олон улс орнууд сүүлийн жилүүдэд ганц хүнээс, удирдлагаас хамааралтай, төвлөрсөн, бослого үймээн, дайн тулаантай байж, төрийн тогтолцооны өөрчлөлт рүү шилжих хэв шинж рүү орлоо. Харин Монгол Улс, бидний хувьд ардчиллын үнэт зүйлээ хамгаалах нь маш чухал байсан. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүгээр төлөөллийн ардчиллаа улам баталгаажуулсан. Хамгийн чухал зүйл нь хүний эрхийн асуудал байсан. Ганц Монгол ч бус дэлхий даяараа хүний эрхийн баталгаа асуудалд орсон.

Цар тахлаас үүдэлтэй хил хязгаар хаа сайгүй хүний эрхийн асуудлыг хөндөж, тулгамдсан асуудал болсон. Миний хувьд энэ тал дээр парламентад хүчтэй дуу хоолой гаргаж ажилласан. КОВИД-19 цар тахлын нөлөө их байлаа гээд ард түмний төлөөллийн ажилд тасалдал үүсээгүй. Хэдийгээр тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзах боломжгүй байсан ч хууль тогтоох ажилд илүү төвлөрч, давуу тал болгон ажилласан. Энэ удаагийн парламент их олон онцлогтой. Дөнгөж тангарагаа өргөөд л хатуу хөл хорионд орж танхимдаа бус цахимаар хуралдсан. Тэр үед Шүүхийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллан, батлуулсан. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаас гадна, “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”, “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо”-ны даргаар ажиллажээ.

-Сүүлийн асуулт. Та 2020 онд “Дүүргийн Засаг даргатай эрх булаацалдах гэж нэр дэвшээгүй. Улс орны асуудал шийдэлцэх гэж, тэрхүү том эрх ашгийн үр дүнд манай тойргийнхны асуудал ч шийдэгдэнэ гэдэг утгаар нэр дэвшсэн. Монголын бүх иргэнд хамаатай, хэрэгтэй шийдлийн төлөө л би ажиллана” гэж байсан. Тойргоо хэр тойглосон гишүүн бэ?

-Тойрог тойглох, тойрог услах гэдэг үгэнд дургүй. Харин сонгогдсон тойргийн иргэдээ УИХ-д төлөөлөх, тэдний санал бодлыг төрийн бодлого, шийдвэрт тусгуулах төлөөлөгчийн ажил талаас харж ажилладаг. Хэр ажилласан тухайд, тойргийн иргэд, сонгогчид дүнгээ тавина шүү дээ.

Миний сонгогдсон тойрог бол хотын хамгийн олон хүн амтай. Энэ хэрээрээ асуудал маш их хуримтлагдсан байсан. Байшин хороолол ихтэй учраас сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлд голлож анхаарсан. Төсвийн хөрөнгө оруулалтыг түлхүү чиглүүлсэн. Ганц бэрхшээл нь сургууль, цэцэрлэг барих газрын асуудал байлаа. Гэхдээ хотын захиргаа, бусад төрийн байгууллагатай хамтарч шийдсэн, зарим нь бүр шүүхдэж байж олж авлаа.

Мөн иргэдийн амьдрах орчныг тухтай, аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарч ажиллалаа. Бас бус тохижилтын, тоглоомын талбай, гадна фасад дулаалах ажилд хүртэл оролцох шаардлага үнэхээр гардаг юм байна. Дүүргийн Засаг дарга, хотын дарга, Баянзүрх дүүргээс сонгогдсон бусад гишүүдтэйгээ хамтарч хийсэн ажлууд ч нэлээд бий. Тэр болгон дээр очиж тууз хайчилж зураг даруулах боломж байсангүй ээ.

Зөвхөн тойргийн иргэдийн гэлтгүй нийт орон сууцанд амьдарч буй иргэдийн асуудлыг шийдэх чиглэлд Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийн төслийг ахлан ажиллаж байна. Энэ хуулийн төслийг Германы техникийн хамтын ажиллагааны шугамаар 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр боллоо. Сая Герман Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Ер нь энэ удаагийн парламент сүүлийн 30 жилд үүссэн олон асуудлыг шийдвэрлэсэн. Нийгмийн даатгал, Боловсролын багц реформыг хийж, авлига, шударга бус байдлын эх ундарга нь улс төрийн нам дээр байгааг Улс төрийн намын тухай хуулийг баталж, шинэчиллээ. Парламентын ганц орхигдоод байсан хяналтыг хуульчилж баталсан. Хуулиа баталдаг. Түүнийхээ араас нь хяналт тавьж чаддаггүй байсан. Парламент буюу Ард түмний хяналтыг амилуулсан. Богино бус дунд ба урт хугацаанд үр дүн нь гарах багц реформуудыг хийсэн. Үүгээрээ энэ удаагийн парламент үнэлэгдэх болно. Би үүнд эргэлзэхгүй байна.

Ярилцсанд баярлалаа. 

2024 оны 04 дүгээр сар

ШИНЭ МЭДЭЭ