ХАРШЛЫН ЭСРЭГ ХАМТДАА УРИАН ДОР ЗАРЛАСАН АЯНЫ ХҮРЭЭНД 241.6 ТОНН ШАРИЛЖ УСТГАВ
2024.08.07
Орон нутгийн хөгжил

ХАРШЛЫН ЭСРЭГ ХАМТДАА УРИАН ДОР ЗАРЛАСАН АЯНЫ ХҮРЭЭНД 241.6 ТОНН ШАРИЛЖ УСТГАВ

Харшлын эсрэг хамтдаа уриан дор “Шарилжгүй Сонгинохайрхан” дүүрэг аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 43 хороонд иргэдийн бүлгийн 185 ажилтан ажиллаж шарилж, хөл газрын ургамлыг цэвэрлэгээг тогтмол хийж байна.

Сонгинохайрхан дүүрэг 43 хороотой бөгөөд 18 нь байшин хороолол бол бусад нь гэр хорооллын хороод байдаг. Тэгвэл байшин хорооллын нэг болох 19 дүгээр хороо буюу иргэдийн нэрлэж заншсанаар 21-р хорооллын автобусны буудал дээр бага үдийн дараахан иргэдийн бүлгийн 5 ажилтан ногоон байгууламж бүхий хашаан доторх хөл газрын ургамлыг хайчтай нь хайчилж, хадууртай нь хадаад тун завгүй. Тэднийг 19-р хорооны Олон нийтийн байцаагч С.Наянцэцэг чиглүүлэх бөгөөд тэдэнд “Маскаа сайн зүү, хадуураа болгоомжтой ашигла” хэмээн зааварчилна.

Олон нийтийн байцаагч бол хорооныхоо булан тохой бүрийг хоггүй, цэвэр байлгахын тулд өдөр, шөнийн алинд ч хичээн ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагч юм. Тэрбээр “Шарилжгүй Сонгинохайрхан” аян эхэлснээс хойш ЗДТГ-аас хуваарилж өгсөн иргэдийн бүлгийн 5 ажилтны хамт хорооныхоо орон сууц орчмын зэрлэг, хөл газрын ургамлуудын 50 гаруй хувийг цэвэрлэсэн тухайгаа бидэнтэй хуваалцлаа.

19 дүгээр хорооны Олон нийтийн байцаагч С.Наянцэцэг “Иргэдийн бүлгийн 5 ажилтны хамт өглөөний 07:00 цагт ажлаа эхэлдэг. Бид хуваарийн дагуу өдөр бүр 16:00 цаг хүртэл ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын зүгээс хороодод хүн хүчээр нэмэр болохын сацуу зориулалтын хадуур, бээлий, маск зэргээр хангасан. Зориулалтын хадуур хэрэглэснээр 4-5 хүний ажлыг хөнгөвчилж байгаа учраас ажил үр дүнтэй, хурдан явж байна. Өмнө нь зориулалтын багаж хэрэгсэл, ажиллах хүн хүч хомс байх үед зам талбайн үйлчлэгчдийн цэвэрлэж чадаагүй маш их талбай үлддэг байсан. Энэ аян бол бүх оршин суугчдын эрүүл мэндийг бодсон арга хэмжээ болж байгаа учраас манай хорооны иргэд, ААН, төрийн байгууллагууд хамтран шарилж цэвэрлэх ажилд идэвхтэй оролцож байна” гэлээ.

Шарилж цэвэрлэгээний ажил хийгдэж байгаа болоод ч тэр үү, тус хорооны орон сууцуудын ногоон байгууламж, хананаас хананы хоорондох зурвас хэсгүүд хоггүй, шарилжгүй цэмцгэр харагдана. Байрныхаа хойд буланд шарилжаар бухал овоолсон хүн бол “Тохилог” СӨХ-ны байцаагч Д.Цэцэгмядаг. Тэрбээр 7 хоногийн өмнө зарласан аяны хүрээнд хорооныхоо хэмжээнд хариуцан ажилладаг 6 байрныхаа гадна талбайг ямар ч шарилжгүй болгосон хөдөлмөрч эмэгтэй. Түүнийг “Тохилог СӨХ”-ны оршин суугчид ургамлын харшил дэлгэрч хүүхэд, хөгшидгүй өртөх болсон энэ үед орчноо ямар ч шарилжгүй болгож өгсөнд талархаж байгаагаа илэрхийлэн “Мундаг шүү” гэж урамшуулдаг гэнэ. Иймд Л.Цэцэгмядаг гуай Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас зарласан хоёр сарын хугацаатай аянд нийт оршин суугчдыг нэгдэхийг уриаллаа.

Эрүүл мэндийн байгууллагаас хөл газрын харшил үүсгэгч ургамлын тоосжилт эхлэхээс өмнө буюу өдийд хадалт, тайралт зэргийг хийх нь үр дүнтэй байдаг. Шарилж, луулийн төрлийн ургамлуудын үрлэх, үр боловсрох хугацаа харилцан адилгүй ба цэцэглэлтийн үе нь янз бүр. Мөн тайралт хийсний дараа дахин ургадаг учир зургаадугаар сарын сүүлийн долоо хоногоос наймдугаар сарын дунд үе хүртэл гурван удаагийн давтамжтай тайралт хийх шаардлагатай гэж зөвлөсөн байдаг.

“Шарилжгүй Сонгинохайрхан” аяны хүрээнд иргэдийн бүлгийн 185 ажилтан зам талбайн цэвэрлэгээний байгууллагуудтай хамтран өнөөдрийн байдлаар 43 хорооны 106240 мкв талбайн 241.6 тн шарилжийг 68 удаагийн рейсээр төвлөрсөн хогийн цэгт хүргэж ажиллажээ.

ШИНЭ МЭДЭЭ