ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ ХИЙХЭД  МҮЭХ-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2024.07.31
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ ХИЙХЭД МҮЭХ-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Цалин хөлс, нийгмийн баталгаа, ажлын байрны осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар ҮЭ-тэй хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай тул Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөллүүдтэй энэхүү уулзалтыг зохион байгуулжээ. 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гол ажил бол гэр бүлд суурилсан  хөдөлмөр эрхлэлт,  боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, орон сууцжуулах гэх мэт бодлогыг хэрэгжүүлэх юм. Эдгээр асуудлыг Засгийн газар Мөрийн хөтөлбөртөө тусган цогцоор шийдвэрлэхээр ажиллаж байна гэдгийг сайд Л.Энх-Амгалан онцоллоо. 

Нийгмийн даатгалын багц хууль батлагдан нийгмийн даатгалын төлсөн шимтгэлээс хуримтлалын  сан үүсгэн, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн  хэмжээ, цаг хугацаанаас хамаарч иргэн хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, ипотекийн зээлээ төлөх зэргээр захиран зарцуулах шинэ хуримтлалын тогтолцоонд энэ жилээс шилжиж эхэлсэн.

Ажил олгогч болон  хувь хүн өөрөө төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээс ямар үр өгөөж хүртэж болох талаар МҮЭ-тэй хамтран тогтолцооны шинэчлэл хийхээр ярилцсан маань тодорхой үр дүнд хүрч байна. Бид ирэх жилүүдэд өрхийн орлогыг дэмжих,  өрхийн тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэдгийг сайд Л.Энх-Амгалан мөн хэллээ. 

Харин ҮЭХ-ны төлөөллүүд хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар саналаа хэлжээ. 

Л.Энх-Амгалан “Өнөөдөр манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагийн  2 ам.долларт хүрэхгүй байна. Энэ нь хөдөлмөрийн бүтээмжийн асуудал. Өндөр цалинтай ажлын байранд ажиллах ур чадвартай монгол хүн бэлтгэх нь хөдөлмөрийн зах  зээлийн эрэлт нийлүүлэлтэд нөлөөлөх гол  хүчин зүйл учир тодорхой бодлого боловсруулж, тогтолцооны шинэчлэл хийнэ.” гэв.

 

ШИНЭ МЭДЭЭ