НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Ус тогтдог долоон байршилд ус зайлуулах шугам хоолой угсараад байна
2024.07.22
Улстөр

Ус тогтдог долоон байршилд ус зайлуулах шугам хоолой угсараад байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр үерийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтайгаас 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй. Их хэмжээний бороо ороход ус зайлуулах шугам хоолойгүй зарим байршилд ус ихээр тогтдог юм.

Энэ талаар ГУББГ-ын Ажлын албаны дарга Б.Бямбасайхан “ГУББГ-аас 2020 оноос хойш нийт 37 байршилд ус зайлуулах шугам хоолой угсраад байна. 2023 онд хийсэн судалгаагаар ус тогтдог 50 байршил байсан. Энэ онд эдгээрийн 13 байршилд борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн.  Өнөөдрийн байдлаар долоон байршилд угсраад байна” гэлээ.

Долоодугаар сарын 20,21-ний өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас зургаан байршилд борооны ус тогтсон бөгөөд нийт 59 рейсээр 14,403 тонн ус сорууллаа.

Тодруулбал,

  • БГД 3 дугаар хороо, Нарны гүүрний урд хэсэг тогтсон 4200 шоо метр усыг өнөөдөр өглөө 06:20 минутад соруулж дууссан байна.
  • СХД-ийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарц орчимд тогтсон 10.200 шоо метр борооны усыг сорууллаа.
  • ХУД 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсэг 18 рейсээр 180 тонн ус сорууллаа.
  • Удирдлагын академийн зам, Жапен тауны урд, хойд хэсэгт нийт 18 рейсээр 180 тонн ус сорууллаа.
  • ХУД 9 дүгээр хороо, Нисэхийн тойрог орчимд тогтсон борооны усыг сорууллаа.
  • БГД 28 дугаар хороо, Акума төвийн урд замд тогтсон 72 тонн борооны усыг сорууллаа.

Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул СХД-ийн Тахилтын нүхэн гарцны ус зайлуулах инженерийн шугам сүлжээний ажлыг яаралтай хийлгэхийг үүрэг болголоо.

Мөн тэрбээр дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

  • Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх,
  • Улаанбаатар хотын дулаан хангамжийн ашиглалтын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах, бүтээн байгуулалт, шугам сүлжээний их, урсгал засварын хугацаанд дуусгах ажлаа эрчимжүүлж, нөхөн сэргэлтийг чанартай гүйцэтгэх,
  • Орон сууцны барилгын хуучирч муудсан халаалтын дотор систем, гадна инженерийн шугам сүлжээний засвар, угаалга, шахалтыг гүйцэтгэж, худаг, камерын бүрэн бүтэн байдлыг шалган, сэргээн засварлаж, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах,
  • “Таван толгой түлш” ХХК нь нийслэлд шилжин ирж буй ажлыг шуурхай зохион байгуулж, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах, сайжруулсан түлшний нөөцлөлтийг  эрчимжүүлэх ажиллах зэрэг үүргийг өгсөн юм.

ШИНЭ МЭДЭЭ