Баянхонгорчууд Монгол Ардын намыг багаар нь дэмжинэ гэв
2024.06.21
Улстөр

Баянхонгорчууд Монгол Ардын намыг багаар нь дэмжинэ гэв

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймгийн иргэд сонгогчидтой уулзах үеэрээ 30 жил хүссэн шударга ёсны үзэл санаа, тэмцэл дээрээ үнэн байх, үнэнч үлдэхийг уриалж, авлигачдад үгүй гэж хэлэхийн тулд Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжихийг хүслээ.

Тэрбээр “С.Зоригийн мөрөөдсөн, манай ахмадуудын итгэсэн Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол авлига юм. Ардчилсан хувьсгалын үзэл санаанаас урвасан нөхдүүдэд ард түмэн хүчтэй гэдгээ нотлох хэрэгтэй” гэлээ.

УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрогт Монгол Ардын намаас Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Б.Батцэцэг, Г.Тэмүүлэн, С.Чинзориг, Г.Ганболд, А.Цогцэцэг, Б.Даваадалай нар нэр дэвшиж байна. Өнгөрсөн 30 жилд бий болсон бүлэглэл, хулгайтай тэмцэхийн тулд энэ нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриалсан юм.

1072 хувьцааг амилуулж, ногдол ашиг хүртээж, Үндэсний баялгийн сан байгуулж, байгалийн баялгаасаа иргэн бүр өгөөж хүртэх боломж бүрдүүлснийг Баянхонгорчууд талархан хүлээн авч байв. Мөн Засгийн газраас хэрэгжүүлсэн 5Ш ажиллагаа, тусгай сангуудын “хулгай”, гадаад өрүүдийг дарж, эдийн засаг өсөлттэй гарсныг сайшааж, эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж, хүн бүрт тэгш боломж олгосон нийгмийг цогцлооход хүч нэмэхээ илэрхийлж байлаа.

Тус аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 717.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, дэд бүтэц, нийгэм, соёлын нийт 17 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 14-ийнх нь хөрөнгө оруулалтыг бүрэн шийджээ. Аймгийн хэмжээнд 22 сургууль, 8 дотуур байр, 16 цэцэрлэг, 9 сумын Эрүүл мэндийн төв, 15 соёлын төвийн барилгыг барьж ашиглалтад оруулаад байна. Мөн шинээр баригдсан инженерийн шугам сүлжээ болон цахилгаан эрчим хүчний чиглэлээр нийт 12 төрлийн инженерийн шугам сүлжээ болон дэд станцын өргөтөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж, Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн Өлзийт, Эрдэнэцогт сум хүрэх 54.18 км хатуу хучилттай авто замын тендер зарлаад байна.

Ирэх дөрвөн жилд Баянхонгор аймгийн Баянлиг, Шинэжинст, Баянцагаан сумын нутгаар дамжуулан 223 км төмөр зам барихаар мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Мөн Баянхонгор аймгийн төвд дулааны станц барьж, Архангай, Өвөрхангай болон Баянхонгор аймгийн хангайн сумдын нутаг дэвсгэрийг хамарсан Орхон голын сав, Хангайн нурууны экосистемд түшиглэсэн рашаан сувилал, адал явдалт, түүх соёлын аяллын чиглэлийг хөгжүүлэх ШИНЭ Хархорум аялал жуулчлалын кластер бүсчлэлээр хөгжүүлэх юм.

Иргэд сонгогчид чадварлаг, мэдлэг туршлагатай улстөрч, мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн хангайн бүсийн есөн нэр дэвшигчийг багаар нь дэмжихээ илэрхийлж, хөдөө, орон нутагт ажлын байр бий болгож, амьдрах, бизнес эрхлэх боломжийг нээж, дэмжихэд чиглэсэн бодлого түлхүү хэрэгжүүлэхийг захьлаа. Ингэж байж Хөдөөгийн сэргэлтийн бодлого бүс нутгийн хөгжлийг шинэ шатанд гаргана гэж үзэж байна гэв.

ШИНЭ МЭДЭЭ