УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ 7 ИХ СУРГУУЛЬ ЦӨМ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ НЭГДСЭН БАЙДЛААР ТОГТЖЭЭ
2024.05.20
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ 7 ИХ СУРГУУЛЬ ЦӨМ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ НЭГДСЭН БАЙДЛААР ТОГТЖЭЭ

Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ сарын 17-ны өдөр “Манба Дацан” Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уламжлалт анагаах ухааны сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн чанарыг сайжруулах, түүнд ажиллаж буй хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсгийг салбарын сайдын тушаалаар байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар “Оточ Манрамба” их сургуулийн ректор Д. Нацагдорж, төрийн өмчийн болон төрийн бус өмчийн 7 их сургуулийн төлөөлөл, төрийн бус байгууллага, ажил олгогч, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан зэрэг 23 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Ажлын хэсгийн ахлагч, хүний гавьяат эмч Д.Нацагдорж уламжлалт анагаах ухааны салбарыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж буй сайд Л.Энх-Амгалан, БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын зохицуулалтын газрын Х.Тамир нарт ажлын хэсгийн өмнөөс талархлаа илэрхийлж ажлын явцаас танилцуулсан.

Уулзалтын үеэр ажлын хэсгийн гишүүн, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн захирал, анагаах ухааны доктор, профессор Д.Цэнд-Аюуш “Бид эмч мэргэжилтэн бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр 2027 ба түүнээс цааш онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулаад байна. Мөн бидний хийсэн гол ажил бол 7 их сургууль 192 кредитээр цөм төлөвлөгөөгөө нэгдсэн байдлаар тогтлоо. Монгол улсад уламжлалт анагаах ухааны 5 чиглэлээр, уламжлалт анагаах ухааны их эмч, зүү төөнийн их эмч, уламжлалт анагаах ухааны засалч, уламжлалт анагаах ухааны сувилагчаас гадна ХААИС-тай хамтран уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна" хэмээн ярьсан юм.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Оточ Манрамба” их сургуулийн оюутнуудтай мөн уулзсан. Тэрээр “Уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжил эрэлттэй мэргэжлийн жагсаалтад орсноор Боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй зээл, тэтгэлэг авах нөхцөл үүснэ. Зөвхөн бакалавр бус магистр, докторын хөтөлбөрт ч зээл авах боломж бүрдэж байгаа” талаар хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ