МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төслийг  хэлэлцэж байна
2024.04.24
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

“Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна

Дэлхийн дулаарлаас үүдэн сүүлийн 80 жилд агаарын жилийн дундаж температур 2.36 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 7 хувиар буурсан нь манай орны усны эх үүсвэрт нөлөөлж, хуурайшилт нэмэгдэн, бэлчээр доройтож, мал аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлөн, улмаар экосистемийн үйлчлэлд суурилсан мал аж ахуйн салбарын чадавхийг доройтуулж байгаагаар илэрч байна.

Монгол Улсын хэмжээнд энэ өвөл "зуд" гэгддэг эрс тэс уур амьсгалын улмаас хорогдсон малын тоо одоогийн байдлаар 6.3 саяд хүрсэн тухай Улсын Онцгой комиссын мэдээнээс иш татан Синьхуа агентлаг мэдээлжээ. Энэ нь 2023 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд тоологдсон нийт малын 9.6 хувийг эзэлж байна.

Ган зудын давтамж нь малчин өрхийн амьжиргаа, тогтвортой байдал, орлогын эх үүсвэрт сөргөөр нөлөөлж, ядуурлыг нэмэгдүүлэх, хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлэх нөхцлийг үүсгэж байна.

Иймд малчдын үйл ажиллагаа, амьжиргаанд шууд болон шууд бусаар нөлөөлж буй хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах, мал аж ахуйн салбарыг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхийн тулд малчдыг төрийн бодлогоор дэмжих, тэдний идэвх санаачилга, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах, хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна.

Үүнтэй холбогдуулан “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын Нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, малчдын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, малчин өрхүүд эдийн засаг, нийгмийн эрэлт хэрэгцээгээ хамтран хангах зорилгоор хоршоо байгуулан нэгдэх, нутаг усныхаа бэлчээр, байгалийн нөөцийг хамгаалж ашиглан, урт хугацааны тогтвортой амьжиргаа, амьдралын нөхцөлөө сайжруулах боломж бүрдэнэ.

ШИНЭ МЭДЭЭ