2024.05.14
Орон нутгийн хөгжил
Мөрөн хотын цэцэрлэг бүрээр орж, багш, ажилчдынхаа санал хүсэлтийг сонслоо
Мөрөн хотын төвд төрийн өмчийн 15 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Хөвсгөл аймагт ажиллах үедээ Мөрөн хотынхоо цэцэрлэг нэг бүрээр биечлэн орж, багш, ажилчид, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзаж санал сонслоо.
Хөвсгөл аймгийн хэмжээнд 2024 онд бүх цэцэрлэгүүдэд “Амьдралын мод” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг багш, удирдлагууд танилцууллаа. Багш нарын ачаалал буурч, хэрэглэгдэхүүн, арга зүй, үнэлгээ цогц тул эцэг, эх асран хамгаалагчдын оролцоо эрс сайжирсан байна. Эцэг эх асран хамгаалагчид гар утсандаа “life tree-sis” аппликэйшнийг суулгаснаар сургалт, үйл ажиллагааны явцын мэдээллийг тогтмол авч хэвшсэн.
Сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд ухаалаг дэлгэц, олон үйлдэлт принтер зэрэг тоног төхөөрөмж шаардлагатай байгааг багш, удирдлагууд онцолсон. Сайдын хувиар энэхүү асуудлыг шийдвэрлэхээр боллоо.