Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны нээлттэй сонсголыг дөрөвдүгээр сард багтааж зохион байгуулна
Ногоон автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх Хянан шалгах түр хорооны даргыг томилох хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Тус хурлаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Хянан шалгах түр хорооны даргаар томилсон байна. Шинээр томилогдсон Түр хорооны дарга нээлттэй сонсголыг хэзээ зохион байгуулах талаар хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ногоон автобусны худалдан авалтад хяналт шалгалт хийх Түр хорооны дараагийн хурлыг гуравдугаар сарын 25-нд хийнэ. Түүнээс өмнө мэргэжлийн байгууллагуудаас шинжээчдийг томилох ёстой.
Шинжээчдийн хүсэлтийг тухайн байгууллагууд Түр хороонд өгнө. Гурав хоногийн хугацаанд шинжээчдийн нэр орж ирээд батлагдана. Ногоон автобусны сонсголыг дөрөвдүгээр сард багтааж зохион байгуулна. Учир нь ард түмний хүлээлт их байгаа.
Бүх материалыг цуглуулаад эхлэхээр худалдан авалтад холбогдсон албан тушаалтнуудыг дуудаж нээлттэй сонсгол зохион байгуулна. Хамгийн гол асуудал нь ард иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх юм.
Эрх барьж буй МАН өөрсдийн гишүүдийг өмгөөлж хамгаалах асуудал байхгүй. Яг хуулийн дагуу нээлттэй сонсголыг явуулна" хэмээн ярилаа.