Хөвсгөл аймгийн нэр бүхий малчдад шагнал гардууллаа
2024.02.08
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл аймгийн нэр бүхий малчдад шагнал гардууллаа

Билгийн тооллын 17 дугаар жарны Хилэнт эх хэмээх модон Луу жилийн сар шинийн босгон дээр ажил үйлсээрээ тэргүүлж, нутаг усныхаа нэрийг гаргаж, ахан дүүсийнхээ магнайг тэнийн баярлуулж, Монгол Улсын аварга малчин, Монгол Улсын аварга саальчин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Хөвсгөл аймгийн нэр бүхий малчдад шагналыг гардууллаа.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын малчин Ч.БАТДОРЖ, 2018 онд “Сумын сайн малчин”, 2019 онд мянгат малчин, 2020 онд аймгийн сайн малчин”, 2023 онд “Алтан төлийн эзэн”-ээр тус тус шалгарч байжээ.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын малчин Д.БАТ-ӨЛЗИЙ,  2015 онд Сумын аварга малчин, 2018 онд “Мянгат малчин”, 2019 онд “Аймгийн аварга малчин“, 2021 онд “Аймгийн хошой аварга” малчин болсон. Малынхаа чанар, сүргийн бүтэцэд анхаарч Дархад омгийн хонин сүргийг өсгөн үржүүлж байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын малчин О.БАТХҮҮ, 2017 онд "Сумын аварга малчин", 2018 онд "Аймгийн аварга малчин", 2019 онд Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнагдаж байсан олон түмэндээ нэр хүндтэй, залуу үедээ үлгэр дуурайлал болж ирсэн тэргүүний малчин юм.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын малчин Д.Сувд-Эрдэнэ: Жилдээ 1 үнээнээс 976 литр, жилдээ нийт 29,280 литр сүү саадаг. 2017 онд “Сумын аварга саальчин”, 2019 онд аймгийн “аварга саальчин” цол тус тус хүртсэн. Сүүлийн 10 гаруй жил мал сүргээ өсгөж, олон жил сүү цагаан идээ боловсруулан эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн тэргүүний саальчин юм.

Монгол Улсын аварга малчин хэмээр эрхэм хүндтэй цол хүртсэн нийт малчид, тариаланчид та бүхэндээ баяр хүргэе. Элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байх болтугай.

ШИНЭ МЭДЭЭ