МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Цахим орчинд хүүхдийг хамгаалах тухай хуулийг сурталчлах, олон улсын сайн туршлага судлаж байна
2024.02.07
Гадаад харилцаа

Цахим орчинд хүүхдийг хамгаалах тухай хуулийг сурталчлах, олон улсын сайн туршлага судлаж байна

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан АНУ-ын Юта мужийн BYU их сургуулийн Хуулийн сургуулийн захирал Давид Моор, тус сургуулийн Олон улсын хуулийн төвийн захирал Элизабет Кларк нартай уулзлаа.

Монгол Улсын хуульч, судлаачид тус сургуультай хорь гаруй жил хамтран ажиллаж буй туршлагатай. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан бусад гишүүдийн хамт "Цахим орчинд хүүхдийг хамгаалах" тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-ын даргад өргөн барьсан. Уг хуулийг сурталчлах, бусад улсын сайн туршлагыг судлах зорилгоор Азийн парламентын гишүүдийг оролцуулсан олон улсын конференц зохион байгуулах санаачилга гарган, БНСУ, Япон, Филиппин зэрэг улсын хууль тогтоогчдоос дэмжлэг аваад байгаа талаар дурдан уг конференцид дэмжлэг үзүүлэн оролцох, Монгол Улсад хүүхдийн эрхийн талаар сургалт, семинар хийх талаар санал солилцсон байна. 

Мөн Боловсролын багц хууль батлагдсантай холбоотой багшийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгийн багш нарыг давтан сургах хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал тавилаа.

Хүний эрхийн чиглэлээр ажилладаг хуульч, сэтгүүлчдийг дэмжих, урт, богино хугацааны сургалтад хамруулах боломж нөхцөлийг хэрхэн бий болгож болох талаар ярилцаж, эдгээр асуудлуудаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн тус сургуулийн Олон улсын асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Жеффри Ф.Рингер, Ази судлалын хөтөлбөр хариуцсан захирал Марк Ямада, Олон улс судлалын төвийн захирал Куинн Мехам нартай уулзлаа.
Wall Street Journal-аас гаргадаг 2024 оны АНУ-ын шилдэг их дээд сургуулийн чансаанд 20-д жагсаж буй тус сургуульд багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд багш нарыг мэргэжил дээшлүүлэх давтан сургалтад хамруулах, Ази судлалын төвд монголын түүх, өв соёлын лекц унших заах зочин багш урьж авчрах зэрэг саналууд тавьж, ойрын хугацаанд ажил хэрэг болгохоор тохиролцов.

ШИНЭ МЭДЭЭ