МОНГОЛ ХҮН БҮР ӨГӨӨЖ ХҮРТЭХ БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ
2024.01.31
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

МОНГОЛ ХҮН БҮР ӨГӨӨЖ ХҮРТЭХ БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

2021 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүтцээсээ эхлээд олон шинэчлэлийг эхлүүлсэн нь “Боловсрол, Соёл”-ын салбар байлаа. Соёлын салбарыг яамны бүтцээс салган тусдаа шинэ яам байгуулж, Боловсрол, шинжлэх ухааны салбарыг туршлагатай, мэргэжлийн төрийн бодлогыг чиглүүлэх бүрэн чадамжтай хүнээр удирдуулахаар томилсон нь Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН байлаа.

Тэрээр 2012 оноос эхлэн тасралтгүй 3 удаа парламентад сонгогдон, УИХ-ын гишүүнээс эхлээд Дэд дарга, Байнгын хорооны даргаар ажилласан туршлагатай түүнд Монгол Улсын хамгийн том, хамгийн чухал бас хамгийн их засвар, шинэчлэл, зоригтой шийдэл хэрэгтэй энэ салбарыг удирдуулсан нь зүгээр ч нэг улс төржсөн томилгоо байгаагүйг өнөөдөр та бид болон монголын бяцхан үрс мэдэрч байна. 

ХУУРАМЧ ДҮН, ХУЛХИ ДИПЛОМ, ХҮРТЭЭМЖГҮЙ  ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛИЙН САНГ ЦЭГЦЭЛЛЭЭ

Боловсрол нь байнгын тордож, тойглож, салхи оруулж, шинэчилж онцгойлон анхаарах ёстой салбар. Гэвч өнгөрсөн хугацаанд үүнийг орхигдуулсаар ирсний гор гарсан. Боловсролыг мөнгө олох бизнес болгоод удсан, түүнд ямар ч хяналт, шалгуур байгаагүйн нотолгоог “сургууль, цэцэрлэгийн багш, ажилтны дипломд хийсэн шалгалт” бэлхнээ харуулсан билээ.59 мянган дипломыг шалгахад 724 диплом зөрчилтэй, 2000 нь сэжигтэй байна” гэж сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцээд 200 мянган төрийн албан хаагчийн асуудал босож, хуурамч дипломтой нь батлагдсан нэр бүхий сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг даруй чөлөөлж, хуурамч диплом олгож байсан зарим их, дээд сургуулиудын зөвшөөрлийг тэр дор нь цуцалсан. Сайд оюуны өмчийн хулгайн асуудлаар нийгэмд шүгэл үлээж эхэлснээс хойш олон хүний намтрыг засаж, сургууль, цэцэрлэгийн газрын хулгайг илрүүлж, одоо байгаа газрын тооллогоо бүртгэлжүүлж авсан шигээ оюуны хулгайн “идээ бээр”-ийг сайтар шахав. Үүний сацуу улс төрд нөлөө бүхий, мэдээлэлд ойр байдаг хүмүүс залуусын боломжийг хулгайлсан буюу Боловсролын зээлийн сан /БЗС/-аас зээл аваад гэрээний үүргээ биелүүлээгүй 230 хүн байсныг Л.Энх-Амгалан сайд зарласан. Үүнтэй холбогдуулан тэтгэлэг, зээл авсан нийт иргэдийн мэдээллийг цахим хуудсанд ил байршуулж, эдгээр 230 иргэний 27 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлэхээр хууль, хяналтын байгууллагад  шилжүүлснээс өнөөдрийн байдлаар 15 орчим тэрбум төгрөг эргэн төлөгдөөд байна. 

Том зорилготой орж ирээд, тодорхой шинэчлэлүүдийг эхлүүлсэн нь Боловсрол, шинжлэх ухааны салбарт ажилладаг 101.390 хүн буюу нийт төрийн албан хаагчийн 40 гаруй хувьд төрийн албаны шинэчлэлийг эхлүүлэв. 

Түүний боловсролын салбарт баримталсан бас нэгэн бодлого бол “Чанарын шинэчлэл”. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 30 жилийн хугацаанд их, дээд сургуулиудад 3.000 гаруй хөтөлбөр хэрэгжиж байсан. Үүнээс 1.086 хөтөлбөр нь огт эрэлт, хэрэгцээгүй болсон учраас цуцалсан. Үүнтэй уялдуулж 88 их, дээд сургуулийг дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд 63 болгож цөөлсөн. Цаашдаа энэ тоо 40 рүү орно. Өнгөрсөн намар л гэхэд хөтөлбөр нь оюутангүй, хичээллэх байргүй их, дээд сургуулиудын үйл ажиллагааг хаасан юм. 

Тэрээр ажлаа авсан даруйдаа, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахаар хувь, хувьсгалын бүхий л байгууллагыг дайчилж, төсвөөс 100 тэрбум төгрөг зарцуулсны дүнд цэцэрлэгийн насны хүүхдүүдээ сугалаагаар авдгийг болиулж, цоожтой хаалганы гадна нэг ч хүүхэд үлдээхгүй гэдэг том зорилгоо ажил хэрэг болгосон нь Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хийсэн томоохон өөрчлөлтүүдийн нэг. 

ХОТ, ХӨДӨӨГИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН СУРГУУЛИУДЫН ЯЛГААГ АРИЛГАВ

Хүн эхээс мэндлэхдээ хаана, хэнийд төрснөөсөө хамаарч ирээдүй нь зурагдаж аль сургуульд сураад, ямар мэргэжил эзэмшээд, ажлын гараагаа хаанаас эхлэх, хөдөлмөрийн хөлсөө хэрхэн үнэлүүлж яажшуухан амьдрах вэ гэдэг нь өөрөөс нь хамааралгүй шийдэгддэг болж байна. Зайсангийн олон улсын хөтөлбөртэй сургууль, алслагдсан сумын сургууль хоёрт сураад төгсөж буй хүүхдийн дэлхийн боловсрол олох зам мөр тухайн хүүхдийнхээ өгөгдөл, хичээл зүтгэлээс бараг хамааралгүйгээр салж одохыг бид харж байна. Үүнийг дагаад боловсролыг “боломжоороо хүртэх” нь жам ёсны үзэгдэл мэт болж нийгмийн дундаж давхаргын суурь хундам ганхаж эхэлсэн. Тиймээс Л.Энх-Амгалан ажлаа хүлээн авахдаа л хот, хөдөө болон төр, хувийн хэвшлийн сургуулиудын ялгааг арилгаж, ерөнхий боловсролыг тэгш хүртээмжтэйгээр олгох нөхцөлийг бүрдүүлнэ гэж амлаж байсан. Ярих амархан ч түүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлж, биелүүлэх амаргүй. Олон арван сайдын нүүрийг үзэж, олон зуун амлалт сонссон энэ салбарынхан төдийгүй, иргэд ч энэ үгэнд нь эргэлзэж байсан нь нууц биш. Харин өнгөрөгч долоодугаар сард баталж, ирэх оноос хэрэгжиж эхлэх гэж буй Боловсролын багц хууль нь түүнийг “ам, ажил зөрөхгүй” байх зарчмын дор ажилласныг илтгэнэ.

                           Боловсролын багц хуульд:

  • БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ
  • СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
  • МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ
  • ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛИУД БАГТАНА
БАГШААР СУРЧ БАЙГАА ХҮҮХДҮҮДИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ  ТӨР ДААХ НЬ “ХАЛАМЖ” БИШ

Чанартай боловсрол гэдэг бол чанартай багшийн асуудал. Л.Энх-Амгалан сайд боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэхдээ багш бэлтгэх тогтолцоонд онцгойлон анхаарлаа. Ингэхдээ багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 2030 он хүртэл төр 100 хувь, багш нар дотооддоо магистрт суралцах бол сургалтын төлбөрийг төр 100 хувь хариуцахаар болсон юм. 

Боловсролын салбар нь халамжийн салбар байж болохгүй. Тиймээс багш мэргэжлээр сурч буй хүүхдүүдийн төлбөрийг төрөөс дааж буй нь халамж биш. Энэ бол боловсролын сэргэлтийн хөгжлийн бодлого, стратегийн түвшинд төлөвлөж тооцоолж хийж буй бодлогын шийдвэр юм. 

Ийн Боловсрол, шинжлэх ухааны салбарт эхлүүлсэн Л.Энх-Амгалангийн “реформ” зарим хүмүүсийн эрх ашгийг хөндсөн байж болох. Тиймдээ ч өнөөдрийн боловсролын салбарын шинэчлэл хийх замд зоригтойхон хөдлөөд, зорьсондоо хүрч “ярьдаг биш хийдэг сайд байна” гэх түүний амлалт хий хоосон байсангүйд хүн бүр баяр хүргэн, алга таших том шалтгаан мөн билээ.

2024 ОНД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Хөдөө орон нутгийн багш нарт 5 дахь жил, цаашид 3 жил тутамд 6 сарын тэтгэмж олгоход 77.6 тэрбум төгрөг.

15-аас дээш жил тасралтгүй ажиллаж буй багш, ажилтны хүүхдийг эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцах төлбөрт 7.1 тэрбум төгрөг.

Багш мэргэжлээр суралцагчдын тэтгэлэгт 14.8 тэрбум төгрөг.

Боловсрол, шинжлэх ухааны салбарт 374 төсөл арга хэмжээг 709.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.

130 төсөл арга хэмжээг шинээр эхлүүлж үүнд 291.2 тэрбум төгрөг зарцуулна. 

ШИНЭ МЭДЭЭ