МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Манай татварын хэмжээ хөгжсөн эдийн засагтай орнуудтай ижил түвшинд байна
2023.12.13
Эдийн засаг, Худалдаа

Манай татварын хэмжээ хөгжсөн эдийн засагтай орнуудтай ижил түвшинд байна

УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарын санаачлагаар “Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлгийг МҮХАҮТ-д зохион байгуулж, татварын асуудлаар бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонслоо.

Хөгжсөн эдийн засагтай улс орнуудад татварын дундаж түвшин 30 хувь байхад манайд зарим тохиолдолд 28 хувьд хүрч, ижил түвшинд очсон байгаа нь сүүлийн 30 жилд татварын бодлогыг зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглүүлж ирсэнтэй холбоотой. МҮХАҮТ-аас 2023 оны судалгааг танилцуулахад өнөөдөр бизнес эрхлэгчдэд зээлийн хүү, татвар, төрийн байгууллагын хүнд суртал гэсэн гурван асуудал хамгийн их хүндрэлтэй байгааг хэлж байна.

Татварын бодлого нь төсөв бүрдүүлэх бус аж үйлдвэр, мэдээллийн технологи зэрэг орчин цагийн тэргүүлэх салбаруудад бизнес эрхлэгчдээ дэмжиж, эдийн засгаа тэлэхэд чиглэх ёстой. Тиймээс төсөв, мөнгөний бодлогыг татварын шинэчлэлтэй уялдаатай хэрэгжүүлэх чиглэлийг УИХ баримтална. Татварын реформыг нийтийн санхүүгийн шинэчлэл буюу төсвийн үргүй зардал, төрийн өмчит компаниудын ашиггүй үйл ажиллагаа, мөн хуулиас давсан дүрэм журмаар шимтгэл, татвар авдаг асуудлыг зогсоохоос эхэлнэ гэдгийг УИХ-ын дарга мэдэгдлээ.

Харин энэ цаг үед хүнд суртлыг бүрэн халах хамгийн оновчтой шийдэл нь технологи юм. Инновац, цахим бодлогын байнгын хорооноос тун удахгүй УИХ-ын чуулганы эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж буй цахим шилжилтийн 120 хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр компани байгуулах, зөвшөөрөл авах зэрэг бизнес эрхлэгчдийн төрөөс авдаг олон үйлчилгээг бүрэн цахимжуулах боломж нээгдэж байгаа билээ.

ШИНЭ МЭДЭЭ